1/1/13

Баяртай, 2012 он минь!

Шинэ он гарахтай зэрэгцээд блогтоо салхи оруулдаг, өнгөрснөө дурсаж, алдаа оноогоо хожим харахад дурсамж болгон унших зорилготой бичдэг нийтлэлээ ийн эхлүүлж байна. Улиран одож буй 2012 он минь надад олон зүйлийг ухааруулсан, олон зүйлийг мэдрүүлсэн, олон зүйлийг мэдүүлсэн, олон зүйлийг сануулсан жил болж өнгөрчээ. Товч бөгөөд тодорхойгоор бичвэл миний хувьд он ийн өнгөрч.


  Олимп
Спорт сонирхдог хүн бүрийн мөрөөдөл байдаг олимпийн наадмыг газар дээрээс нь үзэх, бүр сурвалжлах хувь надад тохиолоо. Азтай ч юм шиг тохиолдлоор нээлт, хаалтыг нь цэнгэлдэх дотор нь үзлээ. У.Болт, Р.Федерер, Л.Жэймс зэрэг дэлхийн хэмжээний одуудыг хажуунаас нь харж, Н.Жокович, К.Дюрант, Э.Мюррэй зэрэг ододтой ярилцаж үзлээ. Дэлхийн хэмжээний наадам ямар "аймар" зохион байгуулалттай байдаг, ямар том баг ажилладаг гэдгийг мэдэрлээ. Газар дээрээс нь сурвалжлага хийнэ гэдэг тийм ч амар зүйл биш байдгийг, Монгол гэдэг "жижиг" зах зээлтэй улсад хүссэнээ хүргэнэ гэдэг ямар асуудалтай байдгийг мэдлээ. Тамирчин хүний амжилт ямар өндөр үнээр, ямар их тэвчээрийн дараагаар ирдэг гэдгийг хажуунаас нь харлаа. Асар их туршлага, асар их мэдлэгийг өгсөн наадам байлаа. "ТУРШЛАГА" гэж энэ хэсгээ би нэрлэе.  

Кени
НҮБ-ээс зохион байгуулсан "Тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчны асуудлаарх оюутны чуулга уулзалт"-нд оролцох "завшаан" надад тохиосон юм. Алс холын Африк тивд Кени улсын Найроби хотноо зочлох боломж бас гарлаа. Тогтвортой хөгжил, зохистой хэрэглээ, зөв хэрэгцээ, хүрээлэн буй орчны асуудал зөвхөн Монголд биш дэлхийн хэмжээнд ямар тулгамдаад байгаа асуудал юм бэ гэдгийг мэдлээ. Хийх зүйл, оролцох зүйл ч зөндөө байгааг, бас хувь нэмрээ оруулах, хамтран ажиллах боломж зөндөө байгааг ч мэдлээ. Сарын 2 долларын орлоготой хүмүүс яаж амьдарч байгааг, 3 грамм усаар гар нүүрээ яаж угаадаг юм бэ гэдгийг, ДОХ-ийн вирустай 5 настай хүүхдүүдийн хэрхэн сурах гэж хичээж байгааг дэргэдээс нь мэдэрлээ. Олон шинэ танилуудтай болж, маш их зүйлийг суралцлаа. Асар их боломж байгааг, асар их хийх зүйл байгааг мэдсэн арга хэмжээ байлаа. "БОЛОМЖ" гэж энэ хэсгээ би нэрлэе.  

Сургууль
Сургууль дээгүүр минь олон зүйл боллоо. Сайн ч, бас муу ч. Муу нь хавар найзуудтайгаа, андуудтайгаа, ангийнхантайгаа хамт төгсөж чадсангүй. Яагаад ч юм хайнга, хайхрангүй зангаасаа болоод л тэр. Тийм зүйл болох л учиртай байсан юм байлгүй гэж өөрийгөө тайтгаруулж, дараагийнхаа зүйлд өөрийгөө бэлдээд энэ талаар дурсахгүй байхыг л хүсч байна. Уучлаарай... Гэхдээ сайн зүйл ч бас бий л дээ. Найзуудтайгаа хамт ЭШХ-уудад гайгүй амжилттай оролцож, аль 2-р курсдээ тавьсан зорилгодоо хүрч чадсан. "Эрдмийн Шувуу", "ШӨХТГ", тэнхим, сургууль гээд олон хурлыг хэлж болно, гэхдээ хамгийн гол нь өөрсдийгөө хуураагүй, хийсэн шиг юм хийсэн гэдгээ баттай хэлж чадна. Хавар Турк улс руу явж, Измир хотод "Олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал"-д оролцож үзлээ. Маш их туршлага хуримтлууллаа. Их зүйл ч ойлголоо. "СУРГАМЖ" гэж энэ хэсгээ би нэрлэе.

 Болор
Миний хайр үргэлж миний дэргэд байж, надад зөвлөн, надад эрч хүч өгч, намайг эрчилдэг. Миний хайр надад инээмсэглэл бэлэглэж, итгэл өгөн, сэдэлжүүлж, урамшуулдаг. Чи минь байгаагүй бол би өнөөдөр хаана, юу хийгээд сууж байх байсан бол гэдгээ даанч мэдэхгүй нь. Чамайгаа гомдоож, уурлуулж, урмыг нь хугалж, санааг нь зовоож байсан, уучлаарай. Чамдаа хязгааргүй их хайртайг минь чи мэднэ, би үргэлж чамтайгаа хамт байх болно. "ХАЙР" гэж энэ хэсгээ би нэрлэе.  


БУСАД 
Уундаа нь Байерн, Даллас, Колорадогоо дэмжсээр. Keane, THE BEATLES, Damien Rice & Pink Floyd сонссоор. Fringe, Touch, Big Bang Theory үзсээр.

 SMAM-ийн авьяаслаг залуустайгаа цуг санаандаа хүртэл биш ч, бас багагүй зүйл, багагүй туршлага хуримтлуулж чадлаа. Удахгүй энэ нэрийг хүн бүр мэддэг болно гэдэгт эргэлзэхгүй, түүний төлөө тууштай явна гэдэгтээ итгэлтэй байна. 

Өнгөрсөн жил бас бичиж байсан P.I.E Оюутны нэгдэл маань улам өргөжсөөр л байна. PIE LEAGUE маань бүх МУИС-ийн хэмжээнд болж, PIE өөрөө МУИС-ийн 70 жилийн ойн хүрээнд оюутны фестиваль ч зохион байгууллаа. PIE Challenge, PIE Cares, PIEPEDIA гээд чамгүй зүйлстэй болжээ. Залуус маань эрчийг алдалгүй, улам өргөжүүлнэ, зорьсондоо хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. CSPORTS-ийнхон минь чанарыг эрхэмлэсэн нийтлэлүүдээ хүргэсээр, BlindFold маань "чанарыг" эрхэмлэсэн дуунуудаа дуулсаар, 131dg-ийнхэн минь өөрсдийгөө дэлхийн өнцөг булан бүрт харуулсаар, NEST-ийнхэн, ЭЗО-ийнхон минь салбар бүрт, энд тэндгүй гялалзсаар. Намайг хүлээж байгаарай, би удахгүй араас чинь гүйцээд очно, хүлээж байгаарай :) 

2013 он гайхалтай жил байх болтугай. Өнгөрсөн жил, өмнөх жилүүдэд хийж бүтээснээсээ илүүг хийж, бүтээхийн төлөө хичээх хэрэгтэй. 2012 онд надтай хамт байж, нэг баг байсан, нэг хамт олон байж, амжилт ололт, алдаа оноо бүрд минь хамтдаа байсан, надад итгэсэн, надад тусласан, надад зөвлөсөн найзууддаа баярлалаа. 2013 он минь чи "ГАЙХАЛТАЙ" жил байгаасай.

 Хүндэтгэсэн, 
Уундаа

6 comments:

  1. Шинэ оны мэнд, Уундаа!!

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа, шинэ оны мэнд хүргэе :)

      Delete
  2. ГАЙХАЛТАЙ шинэ оны мэнд хүргэе Уундаа. Чамд амилт хүсэх нь илүүц.. Харин чамайг зүгээр л харах үлдлээ. Надад биш бидэнд юу чаддагаа, ямар хүн гэдгээ энэ онд харуулаарай.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа, шинэ оны мэнд, танд бас амжилт хүсье!

      Delete
  3. шинэ оны мэнд! илүү ихийг хийж бүтээгээрэй, завиай бол Кени явсан, тэнд үзэж харсан зүйлээ дэлгэрүүлээд тэмдэглэл бичвэл :)

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.