1/12/10

SoccerReview: 2010 оны ДАШТ-ыг шинжихүй /1-р хэсэг/

Энэ жил хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн болно. Хөлбөмбөг сонирхогчдын 4 жилийн турш хүлээсэн, мөрөөдсөн, ярилцсан тэр тэмцээн ӨАБНУ-д зохиогдох болно. Тэгвэл энэхүү тэмцээнтэй холбоотой өөрийн санаа оноо болон таамаглал, дүгнэлтээ блогтоо цувралаар оруулахаар зориглон, эхнийхээ нийтлэлээ хүргэж байна. Эхлээд хэсгийн тоглолтуудын буюу сугалааны тухай. Эхний 4 хэсгээс ямар багууд нь гарах, багуудын ерөнхий байдал болон боломж, сул тал, давуу талуудыг цухас дурьдан оруулсан болно.





А хэсэг
ӨАБНУ: Туршлагатай дасгалжуулагч К.Паррейрагийн удирдлаган дор нутаг дээрээ тоглх талбайн эздийн хувьд энэ тун боломжийн сугалаа байлаа. “Холбоодын Цом”-ын тэмцээний үеэр гайхалтай тоглолтыг үзүүлсэн тэд өөрсдийн дайчин бөгөөд эмх цэгцтэй довтолгооны хувилбаруудаа улам боловсронгуй болгож, хамгийн гол нь төгсгөлийг сайн хийвэл “гэрийн нохойн сүүл өөдөө” гэгчээр ямар ч амжилт үзүүлж болох юм.
- Таавар: Тэднийг хэсгээс гарсан байхад хэн ч гайхахгүй. Тэгээд ч ДАШТ-д талбайн эзэд доод тал нь хэсгээсээ шалгардаг гэдэг анхны тэмцээнээс эхлэн үйлчилсэн бичигдээгүй хууль биелэж болох юм.

Мексик: Тэд ямар ч тэмцээнд ямар ч амжилт үзүүлчих бүрэлдэхүүн, чадвартай баг байсаар ирсэн. Хэдийгээр тэд С.Эрикссоны удирдлаган дор тун хангалтгүй тоглосон ч шинэ дасгалжуулагч Х.Агуйррегийн хамтаар Gold Cup-д өөрийн гол өрсөлдөгч АНУ-г 5:0-ээр бут ниргэн түрүүлсэн билээ. Тэднийг хожих тийм ч амар байгаагүй, одоо ч “зөөлөн боорцог” лав биш.
- Таавар: Тэд эхний тоглолтоо талбайн эзэдтэй хэрхэн тоглохоос бүх зүйл шалтгаалах болов уу. Францад хожигдохгүй байж, Уругвайг хожих даалгавартай Африкийг зорих нь ч тодорхой.




Уругвай: Коста Рикаг нэмэлт тоглолтонд хожин байж шалгарсан Уругвайн шигшээг хэсгийн аль ч баг нь гол өрсөлдөгчийнхөө тоонд оруулаагүй байгаа болов уу. Гэсэн ч Д.Форлан зэрэг тоглогчид нь гялалзаж байгаа үед тэд эцсийн мөч хүртэл тэмцэж, хасагдах шатны төлөө тэмцэх ч үр дүн тэдний эсрэг гарах магадлал өндөр байна.
- Таавар: 2010 оны ДАШТ-аас тэд эрт хасагдаж болох юм. Анхны дэлхийн аваргад түрүүлсэн Уругвайчуудад дэлхийн хэмжээний супер од хэрэгтэй байна.





Франц: Шигшээ тэмцээнд тун маргаантай байдлаар шалгарсан тэдний хувьд шилдэг 32 багт багтсандаа л баяртай байгаа нь тодорхой. Дасгалжуулагч Р.Доменекийн хувьд хэсгээс шалгарахгүй байна гэдэг нь ажлаа өгнө гэсэн үг болохоор өндөр дарамтан дор байна гэж ойлгож болохоор. Тэд бусад өрсөлдөгчдөө бүгдийг нь хожиж чадахаар баг ч гэсэн өнөөдрийн формыг нь харвал хэнд ч хожигдчихож болох мэт. Тэд 2002 оны ДАШТ-д Уругвайтай мөн л А хэсэгт тааран 0:0-ээр тэнцэн, Т.Анри улаан хуудас авч байсан гашуун дурсамжаа мартаагүй байгаа нь тодорхой.
- Таавар: Хэдхэн сарын өмнө хэн нэгэн “Франц хэсгээс шалгарч чадахгүй” гэж хэлсэн бол бүгд түүнийг элэглэн шоолох байсан биз. З.Зиданаас хойш лидергүй мэт болсон тэдний хувьд энэ тэмцээн өөрсдийн алдагдсан нэр хүндээ эргүүлэн авах маш хүнд тэмцээн байх биз ээ.


B хэсэг

Аргентин: Д.Марадона хамгийн шилдэг эсвэл алдартай дасгалжуулагч биш байж болох ч түүний баг нь хэсгийнхээ лидер нь байтугай дэлхийн аваргын цомыг горилох хүчтэй өрсөлдөгч гарцаагүй мөн. Одоогоор дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин Л.Месси, хамгийн формтой байгаа хөлбөмбөгчдийн нэг Г.Игуайн гээд тэдний шилдгүүдийг бичвэл уртаас урт цуваа болно. Марадона өөрийн багийн гол асуудал болох хамгаалалтаа найдвартай болгох аваас хүчтэй өрсөлдөгч байж чадна.
- Таавар: Тактикийн сул тал болон сүүлийн үед үзүүлсэн хангалтгүй тоглолтууд нь тэднийг энэ хэсгийг тэргүүлэхэд саад болохгүй болов уу. Марадонад үндэсний баатраар ахин нэг өргөмжлөгдөх боломж байсаар.



Нигери: 1994 онд Нигери, Аргентин, Грек нэг хэсэгт ороход Нигеричүүд бөмбөг тоолон хэсгээсээ 1-р байраар шалгарч байжээ. Тэд өнөөдөр ч хэсгээ тэргүүлэхгүй юм аа гэхэд хасагдах шатанд шалгарах боломж байна. Залуусаар ихэвчлэн бүрдсэн Нигеричүүд өөрийн тивдээ байгаа давуу талаа ашиглан 2-р байрыг хүсэж байна. Магадгүй тэдэнд туршлага л дутах байх, гэхдээ энэ бол боломжгүй даалгавар биш.
- Таавар: БНСУ болон Грек хэрхэн тоглохыг нь тэдний хувь заяаг шийднэ. О.Мартинс формоо хадгалан, гоол оруулан, Микел хагас хамгаалалатанд лидерийн үүргээ гүйцэтгэх хэрэгтэй.

БНСУ: 2002 онд нутаг дээрээ үзүүлсэн гайхамшигт амжилтаа үзүүлэхийг хүсч байгаа нь тодорхой ч бодит байдал дээр энэ боломж тун бага билээ. Тэдний хувьд Европын аваргууд, Супер Бүргэдүүд болон дэлхийн хамгийн хүчирхэг багуудын нэгтэй таарна гэдэг тун хүнд сугалаа. Г.Хиддинк одоо байхгүй болохоор тэдэнд найдвар тун бага байна.
- Таавар: Хэдий тийм ч залуу тоглогчдод өөрсдийгөө харуулах боломж гарч ирж байгаа нь эргээд багийн амжилтанд нөлөөлж болох юм. Ялангуяа саяхан Азийн шилдэг залуу тоглогчийн шагнал хүртсэн, Селтиктэй гэрээ байгуулаад байгаа Ки Сун Ёонг.



Грек: Хамгийн уйтгартай хөлбөмбөг тоглодог шигшээ хэмээгддэг Грекчүүд түүхэндээ 2 дахь удаагаа л ДАШТ-д оролцох гэж байгаа нь сонирхолтой. Зохион байгуулалт, чанд хамгаалалтаар хэрхэн амжилтанд хүрч болдгийг Европын аварга болсноороо харуулсан О.Реххагелийн шавь нар тэр хэвээрээ байвал хэсгээсээ гарахгүй гэх газаргүй юм. Гэсэн ч тэдний эсрэг хэрхэн тоглох хэрэгтэйг бараг бүх мэргэжилтнүүд мэддэг болчихсон мэт.
- Таавар: Ихэнх мэргэжилтнүүд эрч хүчтэй довтолгоог эрхэмлэж тоглодог БНСУ, Аргентин, Нигерийн багуудын эсрэг тэдний хамгаалалт хүчин мөхөсдөнө гэж үзэж байна. Энэ бол тэдний хувьд хатуу сугалаа. Гэхдээ л 2004 онд ч гэсэн бүгд ингэж бичиж, ярьж байсныг санаарай.

C хэсэг

Англи: Хүн болгоны анхаарлын төвд үргэлж байсаар ирсэн Английн шигшээ хэсгийг тэргүүлэх гол фаворитоор нэрлэгдэж байна. Капеллогийн баг нөхөрсөг тоглолтуудад АНУ-тай хамгийн сүүлд тоглохдоо 2:0-ээр хожин, Словенийг ч торох юмгүй буулгаж авсан. Сүүлийн жилүүдэд хамгийн азгүй багаар албан бусаар өргөмжлөгдөөд байгаа тэдний хувьд хэсгийн тоглолтонд санаа зовох зүйл бараг байхгүй биз. Гэхдээ Капелло “Хэдийгээр амархан мэт цаасан дээрээс харагдаж байгаа ч тэндээс л асуудал учрах болно” гэж хэсгээ тодорхойлжээ.
- Таавар: Мөрөөдлийн гэмээр багтай ирэх Английн шигшээд олон хүн итгэл хүлээлгэж байгаа нь гарцаагүй. Хэрвээ хасагдах шатанд торгуулийн цохилт зэрэгтэй таарч азгүйтчихгүй бол Ф.Лампард, Д.Бекхэм, С.Жеррард зэрэг энэ цаг үеийн “домгууд” алтан цомыг өргөчихсөн зогсохгүй гэхийн аргагүй юм.

АНУ: Д.Бекхэм болон МLS /АНУ-ын Хөлбөмбөгийн лиг/ Америкийн хөлбөмбөгийг сүүлийн үед нэрд гаргасаар байна. Холбоодын цомын тэмцээний үеэр шуугиан тарьж, Испанийг мулталсан тэд энэ удаа Англитай таарчээ. 2002 оны ДАШТ-ын үеэр гялалзсан АНУ-ын багт 2010 онд түүнийгээ давтах, бүр давуулах боломж байна.
- Таавар: К.Демпси, Л.Донован нар формоо хадгалж чадах аваас тэдэнд хэсгийн 2-р байр хангалттай харагдаж байна. Зохион байгуулалттай хамгаалалт болон хүчтэй сөрөг довтолгоогоо тэд дэлхийд аль хэдийн мэдрүүлээд амжсан билээ.



Алжир: Египттэй хийсэн хүнд хэцүү 2 тулааны дараа Алжирыг хэн ч муу баг гэж хэлж зүрхлэхгүй болсон биз. Хамгийн сүүлд 1986 онд ДАШТ-д орсон нь тэдэнд давуу тал болж талбай дээрээ тоглож байгаа гэсэн сэтгэлзүйтэй оролцох Алжирын битүү морьдын тоглолтыг тааварлахад тун хүнд байна.
- Таавар: Тэд хэсгийн хамгийн сүүлд орохгүй л болов уу, гэхдээ тэр чинээгээрээ хэсгээсээ шалгарах боломж нь бага байх болно.


Словен: Дэлхийн чансааны 33-р байрт бичигдэж байгаа тэд энэ ДАШТ-д хамгийн том сюрпризийг үүсгэн оролцож байгаа баг билээ. ОХУ-ын залуусыг Г.Хиддинкийн хамт мулталсан тэднийг дутуу үнэлж огтхон ч болохгүй. Гэвч Англи тэднийг нөхөрсөг тоглолтонд зоволтгүй хожсон нь болон АНУ-ын форм зэргийг харвал хэсгээс шалгарах боломж тийм ч өндөр байхгүй.
- Таавар: Энэ удаа тэдэнд ямар нэг аз таарахгүй л болов уу. Тэднийг шуугиан дахин тарьж дараагийн шатанд шалгарна гэх ямар нэг үндэслэл үнэндээ алга. Магадгүй дарамтнаас хол, алдах юм байхгүй зэрэг нь сэтгэлзүйн давуу байдал бий болгож болох юм.

D хэсэг
Герман: Уламжлал ёсоор Германчууд энэхүү тэмцээний фаворит байх болно. Сугалаанд үргэлж азтай байдаг тэд энэ удаа тийм ч хялбар сугалаа татсангүй. Урьдчилсан шатны тоглолтуудыг харвал хамгаалалтаа сайжруулчихвал Герман машин төгс ажиллах боломжтой. И.Лёвоор удирдуулсан М.Баллак ахлагчтай немцүүдийг ямар ч зоригтон нь хэсгээс шалгарахгүй гэж хэлж зүрхлэхгүй биз ээ.
- Таавар: Том тэмцээний туршлага болон тогтвортой тоглолт, чанд зохион байгуулалт зэргийг нь харгалзан үзвэл эргэлзээгүй хэсгийг тэргүүлэх баг.



Австрали: Австраличууд энэ удаа харьцангуй хүнд шалгуурыг давж буюу Азийн бүсээс шалгаран ДАШТ-д оролцож байна. Лидерүүд нь Европт тоглодог ч А-Лигт багийн ихэнх масс нь харьяалагддаг учраас тэдэнд туршлагын асуудал яригдаж болох юм. Тэдэнд хэсгийнхээ аль ч багийн эсрэг тоглох эрч хүч, чадвар боломж байгаа ч хэтэрхий хүнд хэсэгт хуваарилагдсан мэт.
- Таавар: Герман хэсгээ тэргүүлнэ гэж үзвэл 2-р байрын төлөөх өрсөлдөөн маш ширүүн өрнөх нь гарцаагүй. Гэвч энэхүү тулаанд Австралийн шигшээ тэсч үлдэнэ гэж хэлэхэд тун хэцүү байна.



Серби: Тусгаар улсын хувиар анхныхаа ДАШТ-д оролцож байгаа Сербийн шигшээд маш олон чадварлаг тоглогчид бий. Хөлбөмбөгийн ертөнцөд хамгийн шилдэг залуусыг бэлтгэн гаргаж байгаа тэдэнд том тэмцээний туршлага дутагдах /ялангуяа Германы эсрэг тоглолтонд/ магадлал өндөртэй. Н.Видич хэдийгээр арын шугаманд байгаа ч хэсгээс шалгарахын тулд тэднээс маш өндөр ачаалал болон формыг шаардана.
- Таавар: Цаасан дээрх бүрэлдэхүүнийг нь харвал муугүй баг хэдий ч илүү биений хүчний тоглолттой болон туршлагатай багуудын эсрэг тоглоход хүч дутах бололтой. Хэсгээс шалгарах нь тэдний хувьд том амжилт, мэргэжилтнүүдийн хувьд том цохилт болох болно.

Гана: Өнгөрсөн ДАШТ-д үзүүлсэн эрч хүчтэй бөгөөд үзүүштэй тоглолтоороо өөрсдийгөө дэлхийд мэдрүүлсэн Ганын шигшээ урьд өмнө байгаагүйгээрээ хүчтэй бүрэлдэхүүнтэй энэ удаа ирж байна. Дээрээс нь Африкт болж байгаа тэмцээн гээд бодоод үзэхээр тэднийг энэ хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг гээд хэлэхэд буруудахгүй болов уу.
- Таавар: М.Эссьен талбайн төвд өөрийн “үргэлж” үзүүлдэг тоглолтоо үзүүлж чадах аваас тэд хэсгээсээ шалгарна. Гэхдээ хэсгийн бусад багуудыг харвал нутаг буцах боломж бас чамгүй бий.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

6 comments:

  1. Манай к.тевезийг бичихгүй байж яаж чадаваа, ДАШТ-т оролцож байгаа бүх баг л шилдэг хэнийг нь муулалтай биш, яалт ч үгүй шалгаран гарч ирцгээсэн. Гэхдээ энэ удаагийн тэмцээнд Аргентина нэлээн хол явна гэдэгт нэлээд итгэлтэй байна илүү илүү. Тэмцээн дуусахад Аваргын цомыг Марадона бариад би баярлаад зогсож байх биз, Финалд Германтай эсүүл Англитай таарахыг хүсэж байна. Хэн нь уурлаад сууж байхыг хары да.

    ReplyDelete
  2. Үлмэдэх ч аргагүй л үл мэдэх юм даа...
    мань ирээдүйг хардаг болчоод байнаа яаанаа
    энэ тэмцээнд миний дургүй баг түрүүлэх юм байна
    тэгэхээр би нэрлэмэргүй байна...
    Бараан зүсмийн нөхдүүд 4т олон үлдэх болно 2с доошгүй...

    ReplyDelete
  3. ,,,german hesgesee multarna,,,bi ch mun zorigtoi hun yum a,,,hoho,,,urgeljlulere

    ReplyDelete
  4. оросууд азгүй гэхээсээ илүү хичээгээгүй биеээ тооцон байсын. уул нь даштд орцон бол нэлээн харах байлаа. одоо бол гурван өнгөт азарган тахиануудаа 2006 оных шигээ гайхамшиг үзүүлнэ гэж битүүхэн найдаад гаднаа английг дэмжээл даштыг угтанадаа :р

    ReplyDelete
  5. David Beckham orohgui bas ashley cole tun hetsuu bolchood baina daa :(

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.