Showing posts with label Тэмдэглэл. Show all posts
Showing posts with label Тэмдэглэл. Show all posts

1/1/13

Баяртай, 2012 он минь!

Шинэ он гарахтай зэрэгцээд блогтоо салхи оруулдаг, өнгөрснөө дурсаж, алдаа оноогоо хожим харахад дурсамж болгон унших зорилготой бичдэг нийтлэлээ ийн эхлүүлж байна. Улиран одож буй 2012 он минь надад олон зүйлийг ухааруулсан, олон зүйлийг мэдрүүлсэн, олон зүйлийг мэдүүлсэн, олон зүйлийг сануулсан жил болж өнгөрчээ. Товч бөгөөд тодорхойгоор бичвэл миний хувьд он ийн өнгөрч.

8/5/12

Мөрөөдөл биелэх цагаар...

Нэгэн өдөр ухаан орсон цагаасаа хойш хүсэж, мөрөөдөж явсан ГУРВАН мөрөөдөл зэрэг биелнэ гэдэг олон хүнд тохиох явдал биш. Надад учирсан тэр тохиол бүрдэн бий болоход олон учир шалтгаан, нөлөөлөл бий тул тэр бүгдэд, хүн бүхэнд талархал илэрхийлэхийг хүсч байна. Энэ зуныг энэ мөчийг би хэзээ ч мартахгүй биз ээ. 1. Олимпийн наадам. Түүний нээлтийн ажиллагаа. Яагаад ч юм би ухаан орсон цагаасаа хойш л спорттой холбоотой байсан. Гэрийнхэн, аав ээж, ах эгч, эмээ дүү нар бүгдээрээ л спортын хорхойтон байсан. Манай гэрт спортын нэг ч хүн байхгүй ч бүгд спортын мэдлэг боловсролтой хүмүүс байсан юм. Телевиз асаалттай байвал спорт л байвал юу ч хамаагүй тавьдаг байлаа. Стар спортс, Россия, ТВ7 гээд л. Түүнээс хойш л Олимпийн наадам гэдэг ямар агуу тэмцээн бэ гэдгийг, ямар нэр хүндтэй үйл явдал вэ гэдгийг ухаарч эхэлсэн. Атланта 1996-ийн тухай "Таван Цагариг" сониноос бүр хойно уншиж байснаа санадаг. Сидней 2000-д медальгүй ирж байгаа тухай мэдээг "Монгол" ТВ-ийн мэдээгээр үзэж байснаа санадаг. Афин 2004-д Цагаанбаатар хүрэл медаль авч байгааг ТВ5-аар шууд үзэж байснаа ч санадаг. Бээжин 2008-ийг харин UBS Тв-ээр өөрийн биеэр хөтлөн тайлбарлаж байсан удаатай. Сониноос уншиж, мэдээг нь сонсож, шууд үзэж, өөрөө хөтлөж... Харин Лондон 2012-ийг өөрийн биеэр үзэх завшаан надад тохиолоо. UBS TV-ийнхний асар их итгэлийг хүлээн "наран жаргадаггүй" гүрний нийслэл Лондонд ажиллах үүрэг аваад одоо ажиллаж байна. Нэгэн мөрөөдөл минь ийн биеллээ.
2. Олимпийн нээлт. Дэнни Бойлийн кинонуудад "28 өдрийн дараа"-г үзснээс хойш дуртай болсон. Битлз ахин тайзан дээр гарна гэдгийг сонсоод бүр хорхойссон. Гэхдээ нээлт үзэх магадлал тун бага л байсан юм. Хэдийгээр сэтгүүлчийн мандаттай байсан ч эрэлт ихтэй төрлүүдийг /үүнд нь Олимпийн нээлт, хаалт, 100м-ийн финал, сагсны финал зэрэг багтдаг/ өөрийн биеэр очиж сурвалжлахад нэмэлт наалт-тасалбар хэрэг болдог. Тэр нь хязгаарлагдмал учраас 5 хүн тутмын нэг нь л орох магадлалтай байсан юм. Бээжингийн Олимпод бүр ганцхан ТВ л орсон гэдэг. Харин энэ жил Монголоос сурвалжлахаар ирсэн 16 телевизийн сэтгүүлчид 2хон мандат л оногдсон. Чамлалттай тоо хэдий ч бүх телевизүүд нийлж байгаад дундын шийдвэрээр орох хүмүүсээ сонгоход аз болж би сонгогдлоо. Ах нарынхаа өмнүүр орж нээлтэнд орох болсон нь нэг бодлын "санаа зовмоор" байсан ч нөгөө талаар "бахархалтай" байсан юм. Олимпийн нээлтийг газар дээрээс нь үзнэ гэдэг тийм ч олон хүнд тохиогоод байх аз завшаан биш гэж би ойлгодог. Түүндээ хүрч дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон оддыг нэгэн тайзнаа зэрэг харан, урлаг-уран сэтгэмжийн оргил болсон нээлтийн ажиллагааг үзсэн минь тэр минь юм. Ахиад нэгэн мөрөөдөл минь ийн биеллээ.
3. ПОЛ МАКАРТНИ! Битлз бол домог. Аав ээж минь ч, ах эгч нар минь ч, найз нөхөд минь ч бүгд тэднийг сонсож, тэднийг шүтэж, тэднээс суралцаж өссөн, хүмүүжсэн. Би ч мөн адил. Тэдний дууг сонсон тайвширч, баясан, тэдний дууг сонсон магтан биширч, тэдний дууг сонсон даган аялж, дуулж, тэдний дуугаар эрч хүчээ олж аван, сэргэж, тэдний дуугаар л урам зориг орж, идэхвждэг юм. Өнгөрсөн жил Битлзийн музей үзэх гэж Ливерпүүл рүү зорин очиж, алдарт гарцаар нь гарах гэж хамгийн эхэнд яаран очиж байсан удаатай. Жон Леннон, Жорж Харрисон нарын дууг амьдаар нь сонсож амжаагүй ч Пол Макартниг даган дуулах хувьтай байжээ. Гайхалтай. ХЭЙ ЖҮҮД!!! Түүнийг холоос ч гэсэн харж, хоолойгоо сөөтөл солгой хоолойтой ч даган дуулах нь ямар агуу тохиол вэ? Ахиад нэгэн мөрөөдөл минь ийн биеллээ.
Надад олон мөрөөдөл бий. Биелэх боломжгүйгээсээ эхлээд энгийн жижигхэн хүртэл бий. Түүнийгээ бодит болгоно гэдэг хэнд ч хязгааргүй их баяр хөөр, сэтгэл ханамжийг авчрах биз. Ахиад олон олон мөрөөдөл минь биелэх болтугай. Хичээнэ дээ.

12/31/11

Баяртай, 2011 он минь!

Уул нь би блог бичих дуртай, блогийн ачаар нэлээн хөгжсөн гэж өөрийгөө боддог, блогтоо байнга мэдээ оруулах юмсан гэж их хүсдэг хүн л дээ. Яагаад ч юм завдал гарж чадахгүй байсаар байгаад ахиад л нэг шинэ он гарах нь. Баяртай, 2009 он минь, Баяртай 2010 он минь гээд нийтлэл бичиж байсан шигээ энэ удаад Баяртай, 2011 он минь гэж гарчиглаад өнгөрсөн онд юу хийж бүтээсэн, юу хийж чадснаа эргэн дүгнэхээр сууж байна. Сүүлд уншихад дурсамж сэдрээгээд сайхан байх биз дээ.  

ХИЧЭЭЛ
Саяхан л их сургуульд орчихоод, төөрч будилаад, өглөө босохгүй гэсэндээ өөр ангийнхантай хичээлд суугаад л явж байсан санагдана. Өнөөдөр гэтэл төгсөх болчихоод, сургууль дээр "хөгшин" хүн нь болчихсон явах юм. Өмнө нь энэ ах шиг болчих юмсан, ингээд явах цаг удахгүй дээ гэж боддог байсан цаг өнгөрчээ. Энэ жил хэд хэдэн судалгааны ажлыг гайхайлтай чадвартай, найзуудтайгаа хамт хийж, эрдэм шинжилгээний хуралд оролцлоо. Хамтдаа нэг баг болж, бие биенээ нөхөн, хэдэн шөнө нойргүй хонож, амжилттай-амжилтгүй олон хуралд хамт орсон Алтан-Өлзий, Батзориг, Энх-Орчлон нартаа баярлалаа. "Гадаад худалдааны гравитацын шинжилгээ" "Сошиал Медиа ROI буюу хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тооцох нь" "Гравитацын шинжилгээ ба валютын ханш" "Сайн дурын ажилтны менежмент" /Зоогийтойгоо хамт/ "Хүний хөгжлийн мөнгөний нийгэмд үзүүлэх зарим сөрөг үр дагавар" "Монгол улсын Зүүн Хойд Азийн чөлөөт хэлэлцээрт нэгдэх боломж" "Сонгуулийн дүрэм ба нөөцийн хараал: Дата юу өгүүлнэ вэ?" Ийм ажлуудыг энэ хугацаанд гаргажээ. Өөр зөндөөг хийх боломж, өөр олон санаа байсан ч арай л амжсангүй. Үүнийг ингэж бичсний учир нь дараа нь блогтоо оруулдаг юм уу гэсэн санаатай юм. Үлгэр жишээ авах хүмүүсээсээ, найзуудаасаа, багшаасаа бага ч гэсэн юм сурч, хөгжиж л байна. Сурах, мэдэх юм их байна шүү, их байна!  

UBS, SMAM & MANY MORE! - UBS ТВ-ийнхээ буянаар олон газар үзлээ, олон хүнтэй танилцлаа. Маш үнэтэй туршлага хуримтлуулан, маш олон зүйл мэдэж авлаа. Хөлбөмбөгийн холбооны шугамаар, тэдний дэмжлэгтэй хөлбөмбөгийн эх орон БРАЗИЛ улсад очиж үзлээ. Бас л телевизийнхээ ачаар Олимпийн наадмыг 3 дахиа зохиох анхны хот Лондонд очиж үзлээ. Уэмбли, Олимпийн цэнгэлдэх, Биг Бен, Букингем, Abbey Road гээд олон сонирхолтой газруудыг үзэж, зочилж үзлээ.
- Баяка багшийн маань өмнөх төгсөлтийн "ах", Монголын онлайн спортын ертөнцийн загалмайлсан эцэг Хосбаяртай хамтран "Спортын Маркетингийн Агентлаг" гэж компани байгууллаа. Өлзий, Зоогий, Ганби, Бибби, Галдан, Онон, Хангай, Итгэл, Лхагваа гээд гайхалтай залуустай хамт Монголын спортыг мэргэжлийн түвшинд аваачихад, илүү өрсөлдөөнтэй бөгөөд чанартай болгоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Бөртэ Чоно, Д.Ховардын айлчлал, Италийн Супер цом гээд богино хугацаанд чамгүй ажлуудыг амжуулжээ. - Италийн зууны шилдэг хөлбөмбөгчин Ф.Барезигаас ярилцлага авч, NBA-ийн супер од Д.Ховардтай зураг авахуулж үзлээ. Лорд С.Коеийг хажуунаас нь харж, Капеллотой хоолны ширээнд зэрэгцэн сууж, Беллетитэй хамт сургалтанд сууж, Сколаритай гар бариж, Лондны олимпийн алтан медалиас адис авч ч үзлээ. Ж.Блантийн гайхалтай тоглолтыг амьдаар нь үзэж, Битлзийн гарцаар алхаж, Ф1-ийн зам дээр очиж, Бекхэмийн сүмд мөргөж үзлээ.
- CSPORTS.mn. Энэ жил би өөрөө тийм ч их анхаарал тавьж чадаагүй ч хэдийн хөлөө олсон, хөлбөмбөгийн том сайт болж чадсан шүү. Олон нийтлэгчдтэй, хэрэглэгчид нь өөрсдөө мэдээгээ ч оруулдаг, хэрэлддэг-хэлэлцдэг-мэтгэлцдэг-маргалддаг талбар болж чадсан. Улам урагшаа тэмүүлж, улам урагшаа хөгжихын төлөө хичээх болно оо.
- Хөлбөмбөгөө хаяагүй тоглож л байгаа шүү :D МУИС-ийн аваргад багтайгаа ахиад түрүүлсэн. Спортын Цонхын цомын тэмцээнд ч гэсэн багтайгаа түрүүлсэн. Дуулианд оролцож байгаа гэж, амжилт үзүүлэх байх гэж найдаж байна.

 
NEST & P.I.E - Сургууль дээрх клуб маань өргөжин тэлсээр л байна. Магадгүй зөндөө удаашралтай, урагшгүй байсан мэт санагдавч бид хөгжсөөр л байсан. Нөхөрлөл дээр тогтсон клуб маань чамгүй ч гэсэн амжилттай оныг өнгөрөөсөн. Биднээс хойш зөндөө удаан оршино гэдэгт ч итгэлтэй байна. Шинэ гишүүд ч гэсэн нэмж авах санаатай байгаа, сонирхож байгаа найз нөхөддөө дуулгаарай :)
- P.I.E: Promote, Inspire & Entertain! Сонирхол дээр тогтсон оюутнуудын бүлгэм. Би олон хүүхдээс уйдаж байна, нэгэн хэвийн байдлаас залхаж байна, сургууль-гэр-сургууль маршруттай болчихлоо гэдэг үгийг сонсож байсан. Яагаад түүнээс татгалзаж болохгүй гэж? Хамгийн ойроос хамгийн хялбараар хамгийн дуртай зүйлээ ижил сонирхолтой найзуудтайгаа хийж болохгүй гэж? Тэднээс суралцаж, тэдэнтэй туршлагаа хуваалцаж, тэдэнд сургаж өөрсдөө хөгжицгөөе. Энэ л P.I.E хөдөлгөөний хамгийн гол санаа юм.
- P.I.E League анх удаагаа ЭЗС дээр зохиогдох гэж байна. P.I.E Miss & Mister 8хан хоногт 11000 лайк цуглуулсан гайхалтай шалгаруулалт болсон. Тун удахгүй P.I.E Library, P.I.E Photo, P.I.E Online Journal гээд олон зүйлс гарах гэж байна. Сургуульдаа бид сайн судалгаа, сайн бүтээл амжилтыг үлдээж чадахгүй байж болох ч өөр зүйлийг үлдээж яагаад болохгүй гэж? Legacy?  


БОЛОР МИНЬ :) - Хайрт Болор минь, чамайг ямар их санаж байна гээч. Үргэлж чамтайгаа хамт байхыг хүсч, чинийхээ гарыг атгаад хаашаа ч хамаагүй алхаж, чинийхээ хоолойг яг дэргэдээс нь сонсож, чамайг мэдэрч, үнсэхийг үнэхээр их хүснэ. Чамтай хамт байсан мөч бүхэн миний хамгийн дурсамжтай мөчүүд минь байсан юм шүү. - Чамтайгаа хамт өнгөрүүлсэн зун, аялал гайхалтай байлаа. Замын Үүд-Бээжин-Манила-Бангкок-Паттаяа-Бангкок-Хат Яай-Куала Лумпур-Сингапур-КЛ- Пенанг-Бангкок-Манила-Бээжин-Улаанбаатар...Чиний гараас атгаад дэлхийг тойроод, сар луу, нар луу түүнээс цаадах руу ч явахад, "нисэхэд" би бэлэн байна!
 

"Өмнөх жилүүдээсээ үргэлж ахиж, хөгжиж, дэвшиж бай" гэж нэг багш минь байнга хэлдэг. "Алтны дэргэд гууль шарлана" ч гэж би байнга бодож явдаг. Алт шиг хүмүүстэй үргэлж хамт байдаг минь намайг үргэлж хөгжиж дэвшихэд хамгаас их нөлөөлдөг юм шүү. 131dg-ийнхэн минь, Nest-ийнхэн минь, ЭЗО-ийнхэн минь, SMAM-ийнхэн минь, CSPORTS-ийнхэн минь, NorthDucks-ийнхэн минь Твиттерийнхэн минь үргэлж надад эрч хүч өгч, урам зоригийг бадрааж байдаг юм. Та бүхэнд шинэ жилийн баярын мэнд хүргэе! Олон хүнийг санаатай санаагүй уурлуулсан, гомдоосон, мурисан, хулхидсан байх, бүгдээс нь уучлал хүсч байна. 2012 ондоо амжилт бүтээл, эрч хүчээр дүүрэн байж, зорьсон зорилгоо давуулан биелүүлэхийг хүсье. Ирэх онд уулзая даа :)

12/31/10

Баяртай 2010 он минь!!!

Яг ийм нэртэй, гэхдээ он нь 2009 гэсэн нийтлэлийг би яг жилийн өмнө яг энэ цагт бичиж сууж. Дурсамжтай, хөгжилтэй, харуусалтай, гунигтай гээд сэтгэл хөдлөл бүхнээр дүүрэн 2010 оноо бүр мөсөн үдэн явуулахад хэдхэн минут үлдээд байгаа энэ үед хэзээ нэгэн цагт эргэн уншихад эсвэл хэзээ нэгэн цагт дурсахад хэрэгтэй юм гээд энэ нийтлэлийг бичиж сууна. 2010 он "гайхалтай + аймшигтай = гайхамшигтай" жил байлаа. :)

Хичээл
2-р курсээ төгсөөд 3-р курсийн "том" оюутан болжээ. Зарим хүүхдүүд шиг үхтлээ хичээлээ хийгээгүй ээ, өдөр шөнөгүй сууж, ядаргаанд ортлоо давтаагүй ээ. Гэхдээ хэмжээндээ бас хэрэгтэй мэдлэгээ хуримтлуулж, эдийн засаг гэдэг зүйлийн амтанд орж л явна. Эрдэм шинжилгээний хурлуудад найзуудтайгаа хамт сайхан амжилтууд үзүүллээ. 2-р курсдээ Хаврын ЭШХ-д Б.Батпүрэвийнхээ хамтаар Маркетинг-ОУХ-ны тэнхимээс 3-р байр, Сургуулийнхаас бас л 3-р байрын шагналыг хүртлээ. 3-р курст ороод Намрын ЭШХ-д Ч.Алтан-Өлзий, Г.Батзориг нарынхаа хамтаар ЭЗО-ын тэнхимд 1-3-р байрт орж, сургуулийнхаа хуралд тусгай байр эзэллээ. Алтан-Өлзий, Батпүрэв нарынхаа хамтаар Маркетинг-ОУХ-ны тэнхимд түрүүлж, анхны түрүүгээ хүртэж үзлээ. Сургуулийнхаа хуралд тусгай байр л эзэлсэн ч энэ илтгэл маань илүү явах илтгэл байсан гэж хэнд ч бардамнаж бид чадна. Цаашид зөндөө зүйл судлах, зөндөө зүйл мэдэх, хийж үзэх хүслийг бадраасан жил болж өнгөрч байна.

Аа бас, 2010 оны МУИС-ЭЗС-ийн Шилдгийн шилдэг оюутан болчихлоо. Өнгөрсөн жил Бямбасүрэн анд маань болж байсан, NEST-ийнхний цувралыг тасалсангүй :P. Хичээл номоо орхигдуулсан тал байгаа ч 2011 ондоо энэ дутагдлаа засаж, сурсан шиг сурах болно оо гэж бодож л байна. Гэхдээ байнга боддог хойно доо...

----
UBS TV
 


2010 онд ажилтай боллоо, Уундаа нь :P. Ванкуверийн Өвлийн олимпийн наадмыг UBS TV-ээр сайхан багтай хамт тайлбарлан, үүний дараагаас CITY NEWS мэдээллийн хөтөлбөрт Спортын мэдээ хөтөлдөг боллоо. Сагсан бөмбөгийн ДАШТ, Хөлбөмбөгийн ДАШТ, Сингапурын Азийн Наадам, Клубын ДАШТ гээд олон олон наадмыг шууд биш ч гэсэн тоймыг нь ядаж тайлбарлаж хүргэлээ. Энэ онд надад тохиолдсон хамгийн гайхалтай үйл явдал бол яах аргагүй анхны томилолтоо авсан хэрэг байсан. Гуаньжугийн Азийн наадмыг UBS TV-ийн гайхалтай багийн хамтаар газар дээрээс нь сурвалжласан минь маш том туршлагыг надад өгч, олон зүйлийг мэдүүлж, харуулж, мэдрүүллээ. Том тэмцээн том л байдаг юм байна, олон улсын чанартай зүйлс ийм л байдаг юм байна. Гайхалтай завшаан-боломжийг 2010 он чи надад өгчээ, баярлалаа :)
 




BE

Be брэндийг хөгжүүлэх багт данстай боллоо. Мобикомоос зарласан төслийн уралдаанд Алтан-Өлзий, Батпүрэв, Золбаяр, Өлзийбаяр нартайгаа баг болон NEST-ийнхээ нэрийн өмнөөс оролцон шилдэг санаа шагналыг хүртэл эцсийн шат хүртэл нь амжилттай явлаа. Маш их зүйлийг амжуулсан, бас маш их зүйлийг сэтгэсэн, маш их хичээсэн гэхдээ бас цалгардуулсан гоё дурсамжтай тэмцээн болсон. Үр дүнд нь шилдэг оролцогчийн урилга хүлээн авч, өдгөө бас л шижигнэсэн залуустай хамт нэг баг болон ажиллаж байна. Магадгүй тийм ч сайн ажиллаагүй байж болох ч надад бас нэг том туршлага болж үлдэх биз ээ. Тэгээд ч зөндөө цаг байна :)

 

CSPORTS.mn
Алтан-Өлзий, Батцэнгэл, Зол-Эрдэнэ, Мөнхбаяр, Өлзийхутаг, Энх-Оргил нартайгаа хамтран Монголын анхны фантази тааварт спортын вебсайт CSPORTS.mn-ийг санаачлан, үүсгэн байгуулалцаж, нийтлэл бичиж эхэллээ. Хөлбөмбөгөөр дагнан бичдэг анхны гэж хэлж болох энэ сайт маань өдгөө хэдэн мянган уншигчтай, Монголын №1 хөлбөмбөгийн сайт болсон гэж хэлж болно. Нийтлэлээрээ, мэдээгээрээ, чанараараа, чадвараараа ямар ч сайтаас дутахгүй гэж бардам хэлж чадна. Мэдээж алдаа дутагдал, засаж залруулах зүйлс зөндөө байгаа ч олон шинэ зүйлийг санаачилсан, user-friendly сайт болж чадсан болов уу гэж бодож байна. Бидэнд зөндөө олон санаа, зөндөө их хүсэл-тэмүүлэл байгаа болохоор их амжилтанд хүрнэ гэж найдаж байна. Бид чадна аа.

NEST
Өмнөх нийтлэл дээр клубт харьяалагдах боллоо гээд бичиж байсансан. NEST маань өдгөө хүрээгээ тэлж, олон шинэ-шилдэг гишүүдтэй болж, өргөжин тэлж, хөгжин дэвшиж л байна. Шинэ санаагаараа сургуульдаа байтугай Монголд байхгүй клубын өрөөтэй болж :P, зөндөө зүйл төлөвлөн эхнээсээ хэрэгжүүлж байна. Магадгүй бага зэргийн удаашралтай байж болох ч NEST маань чамгүй олон зүйлийг амжуулсныг ЭЗС-ийн оюутнууд "сохор л биш бол" бүгд мэдэрч байгаа байх аа. Болгоомжил, NEST-ийнхэн ирж явна :D

Болор минь :)
 



2010 онд хайртайгаа учирсан. Яг өнөөдрөөс 1 жилийн өмнө хамгийн анх би түүнтэйгээ уулзаж байсан. Гайхалтай биш гэж үү, сэтгэл хөдөлгөм, сэтгэл догдлуулам, сэтгэл татам, сэтгэл булаам, сэтгэл алдрам, сэтгэл баясгам түүнтэйгээ би учирсан. Чи минь намайг үргэлж гэрэлтүүлэн, гийгүүлж, дүүргэн догдлуулж, жаргалд умбуулан хайранд бялхуулсан. Чи бол миний эрдэнэ, хэзээ ч төсөөлж байгаагүй, хэзээ ч ахиж олдохгүй, хэзээ ч алдаж болохгүй тийм эрдэнэ. 2010 он минь чамд хязгааргүй их баярлалаа, ийм азтай байлгасанд, ийм одтой байлгасанд минь. Болор оо, би чамдаа хайртай :)

 





Энд дурьдагдаагүй олон зүйлс болоод өнгөрсөн. Уундаа нь рс-н дээр сууж, сошиал ертөнцөд донтсон хэвээрээ. Хөлбөмбөгөө тоглож, ухаанаа алддаг хэвээрээ. Кeane-дээ донтож, хөгжимд хорхойсдог хэвээрээ. Кинонд татагдан, хөвөн дүүлдэг нь ч хэвээрээ. 131dg-ийнхэнтэйгээ уулзаад баярладаг, дурсамж-ирээдүйг хардаг. North Ducks-ийнхантайгаа уулзаад догдолдог, их эрч хүчийг мэдэрдэг. Сургуулийнхантайгаа, клубынхэнтэйгээ, найзуудтайгаа, хамтлагийнхантайгаа, хамт олонотойгоо зөндөө олон зүйлийг бүтээнэ ээ, зөндөө олон зүйлийг хийнэ гэдгээ мэдэж байна. Түүнд минь 2011 он чи туслахыг ч би мэдэж байна. Надад аз-амжилтаааа харамгүй хайрласан 2010 он мтнь баярлалаа, ахиад бүр ихийг 2011 он минь чи надад өгөөрэй!!!



УУНДАА

4/8/10

SoccerReview: Байерн хагас шигшээд!

Тоглолтын эхний 7 минутанд л Даррен Гибсон болон Нани нарыг гоол хийхэд Манчестер Юнайтедийг 3 дахь жилдээ дараалан Аваргуудын лигийн финалд шалгарах нь гэдэгт эргэлзэх хүн тун цөөхөн үлдсэн биз ээ. Гэсэн ч герман машин хэзээ ч бууж өгдөггүйгээ харуулж, энэ жил одтой байгаа голланд хагас хамгаалагч Арьен Роббены гайхалтай гоолын ачаар Байерн Мюнхен 2002 оноос хойш анх удаа хагас шигшээд шалгарлаа.
Өмнөх тоглолтонд шагайндаа гэмтэл аван 3 долоо хоног тоглохгүй хэмээн оношлогдсон Уэйн Рүүни гарааны бүрэлдэхүүнд багтсан нь хамгийн сонирхолтой асуудлуудын нэг байлаа. Сир Алекс Фергюсон хэдийгээр өчигдөрхөн нь түүнийг тоглуулах ямар ч боломжгүй гэсэн ч ийн эцсийн мөчид гарааны бүрэлдэхүүнд багтаасан нь тэр байв. Челсид хожигдсон бүрэлдэхүүнээ Фергюсон нэлээн өөрчилж, Гари Невилл, Пол Скоулз, Райн Гиггз, Димитар Бербатов, Пак Жи Сунг нарыг сэлгээнд суулгасан байв. Харин Байерны бүрэлдэхүүнд Арьен Роббен болон Бастиан Швейнштейгер нар эргэн ирснээс өөр өөрчлөлт гараагүй байсан юм.
Тоглолтын эхлэл Байерны хувьд байж болох хамгийн муугаар эхэлсэн. Тэнцэхэд л дараагийн шатанд шалгарах болзолтой байсан тэд 3 дахь минутанд л тун санамсаргүй гоол алдчих нь тэр. Залуу бразил хамгаалагч Рафаел болон Рүүни нарын довтолгооны хувилбарыг Гибсон тун овжин ашиглан эхний гоолыг оруулсан юм. Хаалгач Буттын харагдах байдлыг Демичелис хаачихсан байсан учраас түүнд хаах боломж олдсонгүй. Байерны хамгийн асуудалтай байрлал болоод байгаа хамгаалалтын шугам тоглолтын эхнээс тун бүтэл муутай тоглолыг үзүүлж байсан нь 7 дахь минутанд алдсан 2 дахь гоолоос харагдана. Баруун жигүүрт Валенси залуу хамгаалагч Бадштюбер дээр хөнгөхөн “тоглож” байгаад талбайн төв рүү газраар дамжуулалт хийснийг Нани “чулуу” болгож онооны харьцааг 2:0 болголоо. Үүнээс хойш МанЮ бүр илт сэргэж, Байерн харин нойрноосоо сэрээгүй харин ч бүр шоконд орсон байдалтай хэсэг хугацаа өнгөрсөн. Энэ үед МанЮ хэд хэдэн сайхан боломжийг алдсан юм. Гэсэн ч 41 дэх минутанд Нани ахин оновчтой цохилт гүйцэтгэн гоол хийж, тооны харьцаа 3:0 болон, Манчестер хагас шигшээгийн “эрхээ” бараг халааслачихсан мэт бүгдэд санагдаж байлаа. Гэхдээ чухам яг энэ мөчөөс эхлэн Байерн, герман машин ажиллаж эхлэн өрсөлдөгчөө сандаргаж эхэлсэн. Төдийлэн бөмбөг эзэмшиж, өөр дээрээ тогтоож чадахгүй байсан төвийн шугам идэвхтэй болж ирэн улмаар Мюллерын дамжуулсан бөмбөгийг Кэрриктэй тэмцэлдсэн тулаанд ялсан Олич хүлээж аван Ван Дер Саарын хаалганд хөнгөхөн бөмбөг оруулан багтаа бага ч гэсэн найдвар өгсөн юм. Дараахан нь Роббены гоёмсог цохилтыг голланд хаалгач ихээхэн ур чадвар гарган байж хаасан бөгөөд ахиад хэдхэн минут байсансан бол германчууд 2 дахь бөмбөгөө хийх тун ойрхон байсан болов уу.
2-р үе эхлээд 5хан минут өнгөрч байхад туршлагагүй залуу хамгаалагч Рафаел франц маестро Риберигийн довтолгоог дүрмийн бус алдаа хийн зогсоож, улмаар 2 дахь шар хуудсаа авсан нь чухамхүү энэ тоглолтын хувь заяаг шийдчихсэн гэж хэлж болно. Эндээс эхлэн Байерн довтолж, МанЮ хамгаалж эхэлсэн юм. Сэлгээнээс орж ирсэн Гомеш болон Рибери нар хэд хэдэн сайхан боломжоо алдсны дараа 74 дэх минутанд Риберигийн булангийн цохилтоос хөөргөж өгсөн бөмбөгийг 16-ын шугамын гаднаас Арьен Роббен шууд цохин, өндөр техникийг үзүүлэн, гайхалтай нэгэн гоолыг хийснээр тооны харьцаа 3:2 болсон. Яг л өмнөх шатанд Фиорентинаг “аргалж” гарч ирсэн шиг дүр зураг Олд Траффордод давтагдаж эхлэв. Улмаар Байерн хамгаалалтандаа ахиж алдаа гаргасангүй, Фергюсоны сэлгээ-Гиггз, Бербатов нар үр дүнгүй тоглосоор 10 хүнтэй Манчестер ялалт байгуулсан ч Аваргуудын лигээс хасагдлаа.
Байерн 2001 онд түрүүлснээсээ хойш, харин Герман клуб 2002 оноос хойш Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч үлдээгүй байсан юм. Харин Английн ямар ч төлөөлөгч шөвгийн 4-т үлдээгүй нь сүүлийн 7 жил гараагүй байсан тохиолдол билээ.
Манчестер Юнайтедын энэхүү хожигдол тэднийг нэг тоглогчоос, Уэйн Рүүнигээс хэт хамааралтай болсныг илтгэж байна. Тэд Рүүнигүй Челситэй маш чухал тоглолтыг хийн, ялагдал хүлээж, сүүлийн 3 жил тэргүүлсэн Премьер лигийн тэргүүллээ алдсан. Харин энэ удаа Рүүни төсөөлөмгүй эргэн ирэлтийг хийж, талбайд гарсан ч шагайн өвчний зовиуртай байгаа нь илт мэдэгдэж, улмаар Рафаелийн улаан хуудасны дараа сэлгэгдсэн юм. Бербатовыг муу довтлогч гэж хэн ч хэлэхгүй ч МанЮ-д арай л гологдож байх шиг. Магадгүй Фергюсоны энэ зун хийх гол ажил нь Рүүниг дэмжих довтолгооны шугамаа хүчирхэгжүүлэх байх болов уу.
Байерн Мюнхен ингэснээр 3 фронтод зэрэг тулалдсан хэвээр үлдэж байна. Тэд Бундеслигийг 2-т яваа Шалькегаас 1 онооны илүүтэй тэргүүлж, Покал буюу цомын тэмцээний финалд Вердер Брементэй тоглохоор болоод байгаа. Аваргуудын лигийн хагас шигшээд яг энэ тоглолттой зэрэг явагдсан Бордо Лион багуудын ялагч болох Лион клубтэй тоглоно. Энэ зун ирсэн Луй Ван Гаалийн тактик болон шинэчлэлт багийн амжилтанд нөлөөлж буй нь тодорхой ч дээрээс нь Роббери буюу Рибери-Роббен гэсэн жигүүрийн 2 дэлхийн зэрэглэлийн тоглогчид тэдний амжилтанд шууд хамаатай. Рибери өнөөдөр тийм сайн байгаагүй ч хамгаалагчдын толгойны өвчин байнга байлаа. Роббены тоглолтыг, түүнийг тоглолтын шилдгээр шалгаруулахад 72 дахь минутанд хийсэн гоол л хангалттай биз ээ. Алдсан гоолууд, гаргасан алдаанууд зэргээсээ хаалгач, төвийн хамгаалалтын тал дээр асуудалтай, энэ зун ажиллах хэрэгтэй болжээ гэдгийг менежер Нерлингер болон Ван Гааль нар анзаарсан гэж найдаж сууя.
1999 оны Аваргуудын лигийн финалд хоорондоо таарч тоглон, шүүгчийн мэдлийн цагт 2 гоолыг хийн МанЮ аварга болж байсан бол 2001 онд Байерн шөвгийн 8-д 2 тоглолтонд МанЮ-г буулгаж аван тэр жилийнхээ аварга болж байсан түүхтэй. Тэгвэл энэ жил яах бол? Бөмбөг бөөрөнхий, бүгдээрээ харж л сууя. Манчестер Юнайтед, Англи улс Аваргуудын лигээс хасагдаж, Байерн Мюнхен 9 жилийн дараа эргэн шилдэг 4-т ирлээ.

3/23/10

SoccerReview: Аваргуудын Лиг!!!


Өнгөрсөн долоо хоногт зөвхөн хөлбөмбөг сонирхогчдын төдийгүй нийт спорт сонирхогчдын хамгийн анхаарлыг татсан үйл явдал нь Швейцарийн Ньон хотноо байрлах УЕФА-ийн төв байранд болсон 2009-2010 оны улирлын Аваргуудын лигийн шөвгийн найман багийн оноолтыг тодруулах сугалааны үйл ажиллагаа байлаа.

Эхний хосоор Францын багууд тоглохоор болсон. Өнгөрсөн жилийн Францын аварга Бордо, түүний өмнөх 7 жил Францад ноёрхсон Олимпик Лион багууд хоорондоо тоглоно. 2003-2004 оны улиралд Монако, Лион багууд шөвгийн наймд үлдснээс хойш Францын 2 баг шөвгийн наймд үлдсэн анхны тохиолдол болж байгаа бөгөөд чухам тэр жилээс хойш анхны Франц баг шөвгийн 4-т үлдэх нь. Лионыг Реал Мадридтай таарахад хэн ч энд хүрээд ирнэ гэж бодоогүй биз, гэтэл тэд зохион байгуулалттай тоглолт, найдвартай хамгаалалтынхаа ачаар тэднийг буулган авсныг бид харсан. Харин Бордо хэсэгтээ боломжит 18 онооноос 16-г нь авч, долоо дараалан ялаад байгаа билээ. Энэ 2 баг лигтээ шинэ оны өмнөхөн таарч тоглон Бордо Лионыг талбай дээр нь буюу Стаде Герландад 1:0-ээр буулган авч байжээ.Харин ялсан Францын баг нь Сир Алекс Фергюсоноор удирдуулсан өнгөрсөн жилийн финалын баг болох Манчестер Юнайтед болон 2001 онд Аваргуудын лигт түрүүлснээсээ хойш шөвгийн 8-аас цааш шалгарч амжаагүй байгаа Байерн Мюнхен багуудын ялагчтай тоглоно.
Европын дэвжээн дэх хамгийн заналт өрсөлдөгчдийн тулааны эхний тоглолт Аллианз Аренад болно. СҮүлийн 10 гаруй жилд 7 удаа таарсан бөгөөд ердөө нэгт нь АНгличууд хожиж байв. Гэхдээ тэр нэг хожил нь чухам хамгийн үнэтэй нь байсан бөгөөд 1999 оны Аваргуудын лигийн финалд шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Оле Сульшер, Тедди Шерингэм нарын гоолын ачаар 2:1-ээр Байерныг буулгаж аван аварга болж байсан билээ. Харин 2001 онд аварга болох ерөөлтэй Байерн шөвгийн наймд “улаан чөтгөрүүд”-ийг 2 тоглолт бүрт 2:1, 1:0-ээр хожиж байсан байна. Энэ 2 баг өмнөх шатанд 2-уул итали багуудыг хожсон билээ.
2006 оны финал дахин давтагдах нь. 2 жил дараалан түрүүлсэн баг болохоор аянаа эхэлсэн Барса, Арсен Венгерээр удирдуулсан залуу Арсеналчуудыг ялж байж энэ зорилгодоо хүрэх боллоо. 2006 онд хүн дутуу Арсеналыг арайхийн Барса хожсноос хойш хоорондоо таарч тоглоогүй тул сонирхолтой тулаан болох нь гарцаагүй. Ялангуяа Т.Анригийн хувьд онцгой тоглолт болох биз. Арсеналын амьд домог, түүхийг бичилцэгч, сэргэн мандалтын эхлэлийг тавигч тэрээр яг одоо Каталаны багийн өмсгөлтэй тоглож байгаа.
Арсенал Барселона багуудын ялагчтай тоглох багийг бид Моксвагаас мэдэх болно. Клубынхээ төдийгүй улсынхаа түүхэнд аваргуудын лигийн шөвгийн наймд анх шалгарсан Москвагийн ЦСКА, тактикийн мэргэжилтэн Ж.Моуриньогоор удирдуулсан Серие А-ийн аварга Интер Милантай тоглохоор боллоо. Сүүлийн 3 жилийн турш даваагүй даваагаа Челсигээр ахиулсан Интер эхний тоглолтоо талбай дээрээ хийнээ. Ньонд ирсэн итали сурвалжлагчид танхимыг бүгд инээмсэглэн гарсан хэдий ч Оросын Аварга Рубин Интертэй хэсэгтээ 1:1-ээр тэнцснийг болон ЦСКА 2005 онд УЕФА-ийн цомын аваргаар шалгарч байсныг мартаж болохгүй биз ээ.
Бөмбөг бөөрөнхий гэдэг. 5-р сарын 22-нд алдарт Сантьяго Бернебауд ямар 2 багийг тоглохыг бид хүлээх л үлдлээ. Бооцоогоо тавьж эхлэх цаг нь болсон бололтой.
Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолтууд 3-р сарын 30, 31-ний өдөр явагдах бол хариу тоглолтууд 4-р сарын 6, 7-ны өдөр явагдана. Цэнхэр гарагийн ногоон талбайн цусгүй тулаанууд үргэлжилсээр....

3/3/10

MusicPreview: Cinema Night 3

Хөгжим сонирхогчдод өөрсдийн бэлтгэн хүргэдэг шинэлэг бөгөөд сонирхолтой тоглолтуудаараа үргэлж бэлэг барьж байдаг Монгол Улсын Филармонид ахиад нэгэн бэлгээ задалсан тухай мэдээг танд хүргэх гэж байна. Саяхан морин хуурын 2-хон чавхдсаар дэлхийн сонгодог киноны хөгжмүүдийг эгшиглүүлсэн Playing Love тоглолтоо 5 ч удаа тоглож, зөвхөн Филармоний түүхэнд төдийгүй Монголын сонгодог хөгжмийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг бичсэн тэд энэ удаа өмнө нь 2 ч удаа тоглож үзэгчдийн таашаалыг хүртээд аль хэдийн амжсан Cinema Night тоглолтоо 3-р сарын 4, 5-ны өдрүүдээр тоглох гэж байна. Оскарын шагнал хүртсэн шилдэг кинонууд болон үзэгчдийн сэтгэлд хоногшсон дуунуудын хөгжмийг төгөлдөр хуурын гоцлол болон сонгодог оркестрийн хамтаар тоглон хүргэдэг тус тоглолтыг өмнө нь үзэх боломж надад тохиож байсан юм. Эхний тоглолт нь үнэхээр сонгодог тоглолт ямар болох ёстойг, ямар болдгийг, ямар болж болдгийг үзэгчдэд өндөр түвшинд харуулсан мэдрүүлсэн тоглолт болсон мэт санагддаг. Удирдаач Б.Лхагвасүрэн, төгөлдөр хуурч Б.Анар нарын өөрсдийн найруулан бэлтгэсэн тус тоглолтын төгсгөлд “Биелэгдэшгүй Даалгавар” киноын цоглог бөгөөд сүрт хөгжмийг тоглон дуусахад танхимд хуран цугласан, үзэгч бүхэн босож талархлаа илэрхийлэн, удаанаас удаан алга ташин, баяр хүргэж байсан нь тухайн үед ойрд харагдаагүй тэсрэлт байсан юм. 2 дахь тоглолт багагүй хүлээлтийн дараа тоглогдсон. Энэ удаа мэргэжлийнхээ дагуу Италид суралцдаг морин хийлч Амармэнд, шилдэг төгөлдөр хуурчдын нэг Анартай хамтран гоцлол хөгжмийг тоглосон юм. Сувдан эрэг, Домог 1900, Мөрөөдлийн Кино Театр зэрэг кинонуудын хөгжмийг үнэхээр үзэгчдийн сэтгэлд хүртэл, дотор нь үйл явдлыг нь санагдуулам, санагдуулаад дурсамжийг сэргээмээр, дурсамжийг сэргээн сэтгэлийг уймруулам, уймруулан уйлуулам аялгууг эгшиглүүлж үнэхээр чадсан.
...3 дахь тоглолтыг зөвхөн би ч биш олон олон хөгжмийн хорхойтнууд удаан хугацаагаар хүлээсэн нь тодорхой. Болох нь ойлгомжтой ч хэзээ нь тодорхойгүй байсан тус тоглолтын анхны тов 12 сард хэмээн гарсансан. Гэвч гайт өвчнйи улмаас үзвэл үйлчилгээний газруудын хуваарьт өөрчлөлт гаран улмаар одоо тоглох гэж байна. Бидний сэтгэлд хоногшсон Форрест Гамп, Хатан Зоригтон, Оддын дайн, Шиндлерийн Бүртгэл зэрэг кинонуудын хөгжмийг бид энэ удаа амьдаар, гэхдээ илүү уянгалаг бөгөөд мэргэжлийн хөгжимчдийн тоглосноор сонсох боломж гарч байна. Үйлчилгээний хувьд шинэлэг зүйлсийг бидэнд зориулах тал дээрээ үргэлж эхний эгнээнд явдаг Филармоний хамт олноос бэлдсэн сюрпризүүдийг нь хүлээсээр байна. Зарлалын хуудасны төгсгөлд хэд хэдэн дуучдын нэрс, мөн Хөгжим Бүжгийн Коллежийн найрал дуучид байсан нь сонирхол татахгүй байхын аргагүй байлаа. Юутай ч удаан хүлээсэн тоглолт тун удахгүй, 3-р сарын 4,5-ны өдөр тоглох гэж байна, би лав үзнэ, таныг ч гэсэн үзэхийг хүсч байна. Хамгийн гол нь бидэнд ийм боломж дахиж олдохгүй ч байж мэднэ. Улсын Филармоний твиттер хуудсаараа мэдэгдснээр магадгүй энэ цувралын сүүлчийнх гэсэн учраас энэ боломжийг, тэр нэгэн гайхалтай мэдрэмжийг амтлах, мэдрэх, сонсох боломжийг бүү алдаарай. Та энэ үдэш сэтгэл хөдөлгөм хөгжмийн яруу эгшгийн аялгуунд уяран хайлж, уйлан ухаарч, догдлон биширч, дурсан сэргэж, инээн баясах болно. Төгсгөлд нь 2009 онд тоглосон 2-р цуврал дээр тоглогдсон Сувдан Эрэг киноны хөгжмийн үеэр хийсэн өөрийн бичлэгээс хуваалцаж байна...

1/31/10

SoccerReview: 2010 оны ДАШТ-ыг шинжихүй /2-р хэсэг/


Италичууд аваргаа хамгаалж чадах уу, Испаничууд давхар цохилт хийж чадах уу, Бразилчууд алдагдсан нэр хүндээ эргүүлэн авч чадах уу, Англичууд мөнхийн азгүйтлээсээ зугтаж чадах уу. Аль эсвэл Африкийн аль нэг баг нь шуугиан тарьж нутагтаа түрүүлэх болов уу. Анх удаа, эсвэл удаан завсарлаад оролцож байгаа багуудаас нэг нь онцгойрон цойлох юм болов уу. Харж л сууя, бид 4 жил хүлээж болсон юм чинь дахиад хэдхэн сар хүлээхэд юу нь болохгүй гэж .



E хэсэг
Голланд: Урьдчилсан шатнаас хамгийн эхэнд эрхээ авсан Голландчууд өөрсдийн сугалаандаа сэтгэл хангалуун байгаа биз ээ. Саяхан Японыг нөхөрсөг тоглолтонд 3:0-ээр хожсон тэд Евро-2008-д үзүүлсэн тоглолтоо үзүүлбэл хэсгийн тэргүүн багаар хялбархан шалгарах биз. Үеийн үед үзүүштэй, уран, чадварлаг тоглолтоороо гайхуулдаг “нисдэг Голландчууд” энэ ДАШТ-д ч хамгийн сонирхолтой багуудын нэг байх болно.
- Таавар: Хэсгийн 1-р байрт эргэлзээгүй орно. Орон гаран тоглолттойгоороо гайхагддаг өндөр зэрэглэлийн олон тоглогчидтой учир хасагдах шатанд л толгойгоо гашилгаж болох юм.



Дани: Португал, Швед, Унгар гэсэн багуудтай хэсгээс сэтгэл хөдөлгөм тоглолтууд үзүүлсээр 1-р байраар шалгарч гарч ирсэн Данийн шигшээ багт найдлага тавьж байгаа цөөнгүй хүн байна. Тийм ч хүнд сугалаа биш болохоор Мортен Олсений залуус хэсгээс гарах боломж тун өндөр юм.
- Таавар: Бүрэлдэхүүний хувьд, багийн зохион байгуулалтын хувьд тун өндөр түвшин байгаа нь сонгон шалгаруулалтаас харагдсан тул магадгүй хэсгийн тэргүүн байрын төлөө өрсөлдөж болох юм.




Япон: 4 дэхээ дараалан ДАШТ-д шалгаран оролцож байгаа Азийн хамгийн амжилттай багуудын нэг Японы шигшээ багийн хувьд энэ удаа тун хүнд сугалаа татжээ. Хэсгийн бусад 3 баг нь хамгийн сул багаар тэднийг тодруулж, боломжит 3 оноогоо авахаар зүтгэх болно. Сүүлийн нөхөрсөг тоглолтуудад бараг бүгдэд нь хожигдож, чансааны 43-р байрт бичигдэж байгаа Японы шигшээд Ш.Накамурагийн тоглолт хэр байх нь тун чухал.
- Таавар: Хэдийгээр эрч хүчтэй, хурдтай баг хэдий ч тэднийг хэсгээсээ шалгарна гэж хэлэх арай боломж байхгүй мэт. Хэсгийн сүүлийн байрт орохгүй байх нь тэдний хувьд том амжилт гэлтэй. Энэ жил бишээ, магадгүй 2022 онд...



Камерун: Өөрийн тивдээ тоглох Камеруны шигшээг хожих нь тун хэцүү даалгавар байх болов уу. 2006 оны ДАШТ-ыг өнжсөн тэдний хувьд С.Это’о тэргүүтэй тун хүчтэй бөгөөд эрч хүчтэй бүрэлдэхүүнтэйгээр энэ удаа оролцох болно. Тэдний сөрөг довтолгоо болон ширүүн тоглолт эсрэг багтаа хамгийн гай тарьж болох юм.
- Таавар: Тэдний ойрын үеийн формыг харвал хэсгээс гарахын тулд нэлээн ширүүн тэмцлийг өрнүүлэх болов уу. Гэхдээ Данийн багтай хэрхэн тоглохоос тэдний ирээдүй шийдэгдэх биз.



F хэсэг

Итали: Дэлхийн аварга цолыг эзэмшигч Италийн шигшээ ийм сугалаа татсандаа өөрсдийгөө азтайд тооцох хэрэгтэй болов уу. Энэ хэсэгт орсон багуудын дундаж чансаа нь 36 байгаа нь хамгийн сул хэсэг гэсэн статус зүүхэд хүргэж байна. Липпигийн “ахимаг” одод нь хэсгийн тоглолтондоо лав санаа зовохгүй нь.
- Таавар: Парагвайн шигшээ тэдэнд гай тарьж мэдэх ч Италичуудад хэсгийн тэргүүн байрыг эзлэх туршлага, чадвар, боломж дүүрэн байна.





Парагвай: Өмнөд Америкийн сонгон шалгаруулах бүсийн хамгийн шилдгүүдийн нэг нь байсан Р.Санта Крузээр удирдуулсан Парагвайн шигшээд хэсгээсээ гарах бүх тохироо нь бүрджээ. Хэдийгээр голцуу залуусаас бүрдсэн баг байх ч гэсэн сонгон шалгаруулалтад үзүүлсэн эрчтэй, хурдтай тоглолт нь тэднийг энэ хэсгийн фаворитуудын нэг байх нөхцлийг бий болгож байна.
- Таавар: Хэсгээсээ 2-р байраар шалгаран дараагийн шатанд шалгарна. Сугалаа тэдэнд энэ боломжийг өгсөн, харин тэд өөрсдөө үүнийгээ ашиглах ёстой.

Шинэ Зеланд: Далайн бүсийн багуудаа бут ниргэсээр гарч ирсэн тэдний хувьд 1982 онд анх ДАШТ-д оролцсон юм. Гэсэн ч тэр тэмцээнд ганц ч оноогүй буцсан гашуун туршлага нь энэ жил ч давтагдах бололтой. Тэдэнд дундаж түвшний Р.Нелсен гэсэн ганц л тоглогч байна. ДАШТ-д оролцоно гэдэг Шинэ Зеландын багийн хувьд том амжилт, гэхдээ хэн ч тэмцээнд ялагдах гэж ирдэггүй!
- Таавар: Хэсгийн сүүлийн байр. Шуудхан хэлэхэд оноо авахгүй, тэр ч бүү хэл гоол ч оруулахгүй байж мэднэ.


Словак: М.Скртел, М.Хамсик гээд зөвхөн цаасан дээр төдийгүй талбай дээр ч багаа удирдаад аваад явчих залуу одод бүхий Словакийн шигшээ хүчтэй бүрэлдэхүүнтэй байна. Гэсэн ч тусгаар улсын хувиар анх удаа ДАШТ-д оролцож байгаа тэдэнд түүх бүтээж хасагдах шатанд үлдэх боломж тийм ч өндөр биш байна.
- Таавар: Том тэмцээний туршлага тэдэнд хамгийн гол саад болох болно. Тэд Европын аваргад ч оролцож байгаагүй. Бас хэтэрхий залуухан байна. Хэсэгтээ 3-р байр. Гэхдээ тэднийг бүү басаарай, тэд Чехийг мулталсан шүү дээ.

G хэсэг
Бразил: Дунгагийн залуусын хувьд энэ байж болох хамгийн хүнд сугалаа байлаа. Дэлхийн чансааны эхний 10-т байгаа 2 баг багтсан хэсэг үүнээс өөр байхгүй. Ихэнх хүмүүс Кака, Л.Фабиано зэрэг топ тоглогчид нь ид формтой байваас тэднийг хэсгээсээ шалгарах нь тодорхой гэж байгаа ч энэ нь тийм хялбар биш байх болно. Уламжлал ёсоор довтолсон тоглолт үзүүлэх ч “шоудах” цаг олдохгүй л болов уу.
- Таавар: Туршлага болон тоглогчдын ур чадвар зэргийг харгалзвал хэсгийн лидер баг. Гэхдээ “үхлийн хэсэг” үргэлж сюрпризээр дүүрэн байдаг, хэн мэдэхэв.



БНАСАУ: Үхлийн хэсгийн хамгийн сул баг хэмээн нэрлэж байгаа ч үнэн хэрэгтээ тэднийг дэлхий нийт тийм ч сайн мэдэхгүй болохоор тэгж хэлж байна. Монголын шигшээ багтай сонгон шалгаруулалтын эхний тоглолтоо хийж байсныг санаж байгаа биз. Хэрвээ өөр хэсэгт орсон бол “битүү морьд”-д илүү боломж гарах байсан, гэвч бодит байдал дээр энэ тэдний хувьд үнэхээр азгүй сугалаа. Чансааны 86-т бичигдэж байгаа тэд ДАШТ-д 1966 онд анх оролцохдоо шөвгийн 8-д шалгарч гайхуулж байсныг бүү мартаарай.
- Таавар: Тэдний хувьд энэ удаа оноо авах, аль нэг багтай нь тэнцэх нь том амжилт болох болно. Гэхдээ ахин сануулахад хэн ч тэднийг тийм ч сайн мэдэхгүй. Бид мэдэхгүй зүйлээсээ л айдаг шүү дээ.

Зааны Ясан Эрэг: Өнгөрсөн ДАШТ-д анх шалгаран оролцохдоо үхлийн хэсэгт орон харамсалтайгаар нутаг буцаж байсан тэд энэ удаа ч үхлийн хэсэгт орлоо. Гэхдээ энэ удаа тэдний хэсгээс гарах магадлал өндөр. Хэрвээ Бразил хэсгээ тэргүүлнэ гэж үзвэл Португалийн сонгон шалгаруулалтанд үзүүлсэн “аймшигтай” тоглолтуудаас дүгнэн “Заан”-уудыг 2-р байраар шалгарах боломжтой гэж хэлж чадахаар байна. Д.Дрогба, К.Туре, Я.Туре..эд бол тэдний “чихцэлдэж” ядсан оддын энгийн жишээ.
- Таавар: Африк тивд болж байгаа тэмцээнд Африк баг шуугиан тарьж яагаад болохгүй гэж. Тийм баг болох хамгийн магадлалтай нь ЗЯЭ. Хамгийн гол нь тэд Португал, К.Роналдуг ялах ёстой.

Португал: Европын Бразилчуудын яг одоогийн форм тийм ч сайн биш байна. К.Роналду гэмтэх л юм бол К.Кэйрошийн залуусын байдал хэцүүдэх болно. Босниаг тэд зовж байж, магадгүй бага зэргийн азны ачаар ялсан байж болох ч ДАШТ-д тийм зүйл тохиолдохгүй л болов уу. Тэгсэн хэдий ч тэд энэ ДАШТ-д оролцож байгаа хамгийн сайн бүрэлдэхүүнтэй багуудын нэг нь гарцаагүй билээ.
- Таавар: Зааны Ясан Эргийн багтай хийх тоглолт бүхнийг шийдэх болов уу. Тэдэнд туршлага, хангалттай одод бий. Одоо Кэйрошийн тактикт нийцүүлэн, сайн зохион байгуулалттай байх л шаардлагатай.

H хэсэг

Испани: Дэлхийн чансааг тэргүүлэгч, яг одоогийн хамгийн шилдэг баг гэж хэлж болохуйц Испаничуудын хувьд энэ тийм ч хүнд сугалаа биш. Гэхдээ хэсгээс шалгарсны дараа өөрийн хөрш Португалтай таарах магадлал 50 хувь. Европын аваргуудын хувьд энэхүү тэмцээний гол түрүүлэх магадлалтай баг гэдэг нь тодорхой ч бүхнийг эхнээс нь тун болгоомжтой хийх хэрэгтэй. Испаничуудыг бүх цаг үеийн хамгийн азгүй баг гэж зүгээр ч нэг тодорхойлойгүй биз.
- Таавар: Сүүлийн жилүүдэд Европт ноёрхож байгаа Испаничуудад энэ хэсгийг тэргүүлэх нь тийм ч хэцүү биш байх болов уу.


Швейцарь: Шигшээ багийн түвшинд тийм ч туршлагагүй ч дэлхийн шилдгүүдийн нэг О.Хитцфельд дасгалжуулж байгаа Швейцарийн шигшээ Европын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, өмнөх хэд хэдэн томоохон тэмцээнд оролцож, туршлага хуримтлуулсан тул хэсгээс шалгарах боломж Америк тивийн 2 өрсөлдөгчөөсөө хавьгүй илүү байна.
- Таавар: Хэрэгтэй оноонуудаа авах, бүх боломжоо ашиглах хэрэгтэй. Хамгаалалтаас сөрөг довтолгоонд шилждэг онцлогоо бүрэн гаргаж чадвал 2-р байр халаасанд байна.

Гондурас: 1982 онд ДАШТ-д анх оролцсноосоо хойш дэлхийн хэмжээний тэмцээний утаа үнэрлээгүй Гондурасын багийг дутуу үнэлж болохгүй. Тэд сонгон шалгаруулалтанд гайхалтай тоглолт үзүүлсэн, дээрээс нь У.Паласио, Д.Суазо зэрэг эсрэг багийн хаалгыг мялаачих чадвартай олон тоглогчидтой. Гэсэн ч туршлага дутах өндөр магадлалтай Гондурасчуудын хувьд тэмцээнд оролцоно гэдэг том амжилт юм.
- Таавар: Зарим нэг “шинэ” багуудтай адил тэдний хувьд оноо авах нь амжилттай оролцсныг илтгэх болно. Гэсэн ч хэсгээс шалгарах боломж бараг үгүй л болов уу.

Чили: Өмнөд Америкийн ямар ч багийг хожих тун хэцүү байдаг. Ялангуяа М.Гонзалез, М.Фернандез зэрэг хурдтай бөгөөд чадварлаг жигүүрийн тоглогчидтой Чилийн багийг. 1998 оны ДАШТ-д И.Самароно, М.Салас зэрэг ододтой байх үедээ хамгийн сүүлд оролцсон тэдний хувьд энэ удаагийн тэмцээнд Швейцарийн багтай 2-р байрын төлөө өрсөлдөх даалгавартайгаар ирэх биз ээ.
- Таавар: Гондурасын багтай оноо хувааж болохгүй. Гэхдээ тэр хэмжээгээрээ Испаний багаас оноо авах шаардлагатай. Тэгсэн ч хэсгээс гарах боломж тийм ч өндөр биш.


1/24/10

MusicReview: "Playing Love"

Монгол Улсын Филармони сүүлийн хэдэн өдөр хөл хөдөлгөөнтэй байлаа. Аль өнгөрсөн жилийн 11-р сараас хойш зарлагдан, үзэгчдийн дунд чамгүй хүлээлт үүсгээд байсан Playing Love тоглолт чухам энэ өдрүүдэд тэнд болсон юм. Миний бие энэхүү тоглолтыг үзэх завшаан олдсныг эхэнд тэмдэглээд, нэгэн гайхалтай үдшийг морин хуурын эгшиг уянгалаг аялгуун дор сэтгэлийн цэнгэлийн мэдрэн "мансууран" өнгөрүүлсэн сэтгэгдлээсээ та бүхэнтэй хуваалцаж байгаадаа таатай байна.
Монгол улсынхаа нэрийг, өв их дурсгал бүхий соёлыг, энгүй их баялаг бүхий хөгжмийг дэлхийд таниулан, сурталчилж яваа Морин Хуурын Чуулгын хөгжимчид өөрсдөө санаачлан, хөгжмийн найруулгыг хийн, Монголын болон Дэлхийд танигдсан киноны хөгжмийг тоглосон онцлог бүхий энэхүү тоглолтоороо зөвхөн Морин хуурын чуулгын 20 жилийн түүхэнд төдийгүй Монголын соёл урлагийн салбарт нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Монголын үзэгчдийн сэтгэл зүрхэнд нэгэнт хоногшин үлдсэн дэлгэцийн бүтээлүүдийн гайхамшигт аялгуунуудыг нэгэн дор, тэгэхдээ бүр "морин хуур"-ын 2-хон чавхдсаар хэрхэн эгшиглүүлж байгааг сонсоод сэтгэл хөөрч, Морин хуурын чуулгаар бахархахгүй байхын, тэдний хөгжимчдөд, удирдаач Ц.Батчулуун болон Д.Түвшинсайхан нарт баяр хүргэхгүй байхын арга байсангүй.
Үүнтэй төсөөтэй уран сайхны киноны хөгжмүүдийг тоглосон тохиолдол өнгөрсөн жил мөн л Улсын Филармонид Cinema Night нэртэйгээр тоглогдон, гэхдээ симфони оркестрийн хөгжимчид тоглон шуугиан тарьж, тасалбар нь олдохгүй үзэгчид овоорч, хэд хэдэн телевизийн сувгаар цацагдаж байсныг та санаж байгаа биз. Энэ удаагийн тоглолтын тасалбар ч эртнээс таамаглаж байсанчлан бараг 4, 5 өдрийн өмнө дуусан, 2хон удаа тоглоно хэмээгдэж байсан ньүзэгчдийн хүсэлтээр бүр 5 удаа болон сунгагдсан нь зүй ёсны төдийгүй сонгодог хөгжмөөр цангасан үзэгчдийн цангааг тайлж бүрэн чадсан, чадах, чадахуйц гайхалтай тоглолт болжээ хэмээн үзэгчийн хувиар би дүгнэмээр байна.
Тоглолт бидний сайн мэдэх "Алтан Өргөө" киноны хөгжмөөр эхлэнэ. Л.Мөрдоржийн энэхүү аялгуу морин хуурын чуулгын хөгжимчдийн чадварлаг тоглолттой хосолсноор таныг хэсэгхэн хугацаанд ч атугай мөрөөдлийн, үлгэрийн тэр нэгэн ертөнцөд аялуулах болно. Үүний дараа Японы хөгжмийн зохиолч Китарогийн бичсэн The Soong Sisters киноны хөгжим тоглогдсон. Магадгүй энд тоглогдсон хөгжмүүдээс бидний хамгийн бага мэдэх нь байж болох ч үзэгчдэд хүрснээрээ ч тэр, аялгуулаг байдал, дуугаралтаараа ч тэр аль ч тоглолтоос дутахгүй хөгжим байлаа. Үүний дараа миний хувьд, магадгүй тэнд ирж, Филармоний танхимын 260 суудлыг дүүргэсэн бусад үзэгчдийн бүгдийнх нь сэтгэлийн нандин бүхнийг бодогдуулж, мэдрүүлсэн, сэтгэлийн тэр утсыг нь хөндөж чадсан бүтээл "Мандухай Сэцэн Хатан" киноны хөгжим эгшиглэлээ. Н.Жанцанноров гуайн өөр нэг бүтээл "Мөнх Тэнгэрийн Хүчин дор" киноны хөгжмөөр энэ үдшийн тоглолт дууссан билээ. Энэ үдшийг түүнээс гадна Л.Мөрдорж, Б.Шарав, Г.Бирваа, З.Хангал зэрэг Монголын сод болсон, дахин давтагдашгүй гайхамшигт бүтээлүүдээрээ бидний сэтгэлд нэгэнт хадагдсан хөгжмийн зохиолчдын бүтээлийг Морин Хуурын Чуулга тоглосноос гадна дэлхийд зартай, хамгийн алдартай киноны хөгжим бичигчид болох Жон Уильямс, Энно Морриконе нар ч чимснийг энд онцолъё. Ялангуяа энэхүү тоглолтын нэр болон залагдсан Э.Морриконегийн бүтээл "Домог 1900" киноны Playing Love хөгжмийн бүтээлийг бидний сонсож дадсан төгөлдөр хуур, хийл зэргээс тэс өөрөөр гэхдээ тэднээс илүү гарна уу гэхээс дутахааргүйгээр эгшиглүүлсэн морин хуурын аялгуу энэ үдшийн бас нэгэн оргил нь байсан юм.

"У на ра У на ра" хэмээн жижигхээн хүүхдүүд солонгос үндэстний хувцастай дуулан, ард нь Морин хуурын чуулга Монголчуудыг нэг хэсэг байлдан дагуулж байсан тв-ийн олон ангит кино Тэ Жангым киноны хөгжмийг тоглосон нь бас нэгэн сюрприз нь байсныг дурьдахгүй байхын аргагүй. Энэ үдэш бүхэлдээ сюрпризээр дүүрэн, морин хуурын уянгалаг аялгуунд мансууруулсан, үнэхээр сонгодог бөгөөд тансаг үдэш байлаа.
Тоглолтын зохион байгуулалтын талаар төгсгөлд нь хэдэн зүйлийг бичихгүй бол алдас болох биз. Урьд өмнө ямар ч сонгодог тоглолтонд ажиглагдаж байгаагүй анхдагч хэмээн нэрлэж болохуйц хэд хэдэн зүйлсийг тэндээс ажиглаж болно. Хөгжим болгоны дундуур тусгай байрлуулсан дэлгэцэн дээр дараагийн тоглох хөгжмийн киноны сэтгэлд хоногшсон хэсгүүд гаран, улмаар нэр нь зарлагдан, морин хуурын чуулга тоглож эхлэх нь таны сэтгэлийг улам хөөргөх нь гарцаагүй. Мөн тоглолтын завсарлага болох 10 минутын үеэр Улсын Филармоний зүгээс цоо шинэлэг үйлчилгээ болох ундаа, жүүс, виногоор "үнэгүй" дайлах болно. Завсарлагааны үеэр үзэгчид хоорондоо тоглогдсон хөгжмийн талаар, хөгжимчдийн талаар, киноны талаар яриа өрнүүлэх боломжийг хангаж өгсөн нь тун ухаалаг бөгөөд үзэгчдэд хүрсэн үйлчилгээ тэнд хуран цугласан үзэгчдийн хүлээж авч байгаа хандлагаас харагдаж байлаа.
Та 2 цагийн турш зурагтаар үзэж, зөвхөн сонгодог хөгжмөөр сонсож байсан аялгуунуудыг тань хэрхэн морин хуураар тоглож болдгийг сонсох болно. Та 120 минутын турш хэрхэн хөгжим хэмээх хүний гараар, хүний оюунаар бүтсэн тэр гайхалтай бүтээл таныг бүрэн эзэмдэж, өөртөө уусгаж чаддагийг мэдрэх болно. Улсын Филармони, Морин хуурын чуулга энэхүү тоглолтоороо өөрсдийн чадвар бололцоо нь ямар өндөр болсныг харуулж, тоглолтыг ийм сайн зохион байгуулж болдог юм шүү гэдгээ үзүүлж чадлаа. Тэд үзэгчдэд амьдралын бүх л мэдрэмжийг мэдрүүлэн, бүх л сэтгэл хөдлөлийг амтлуулан, таныг дайлж, таны цангааг тайлах болно.
Та үзэж амжаагүй байгаа бол дахиад нэг боломж байна. 3 өдрийн турш дүүрэн үзэгчидтэй байсан энэхүү тоглолт 1-р сарын 29, 30-нд дахин 2 удаа тоглох болсныг энд дурьдахад таатай байна. Танд боломж байна, үзээгүй бол заавал үз гэж зөвлөмөөр байна, болдогсон бол шаардмаар байна!! Та хэзээ ч харамсахгүйг харин би баттай хэлж чадна.
2010.01.23

1/12/10

SoccerReview: 2010 оны ДАШТ-ыг шинжихүй /1-р хэсэг/

Энэ жил хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн болно. Хөлбөмбөг сонирхогчдын 4 жилийн турш хүлээсэн, мөрөөдсөн, ярилцсан тэр тэмцээн ӨАБНУ-д зохиогдох болно. Тэгвэл энэхүү тэмцээнтэй холбоотой өөрийн санаа оноо болон таамаглал, дүгнэлтээ блогтоо цувралаар оруулахаар зориглон, эхнийхээ нийтлэлээ хүргэж байна. Эхлээд хэсгийн тоглолтуудын буюу сугалааны тухай. Эхний 4 хэсгээс ямар багууд нь гарах, багуудын ерөнхий байдал болон боломж, сул тал, давуу талуудыг цухас дурьдан оруулсан болно.





А хэсэг
ӨАБНУ: Туршлагатай дасгалжуулагч К.Паррейрагийн удирдлаган дор нутаг дээрээ тоглх талбайн эздийн хувьд энэ тун боломжийн сугалаа байлаа. “Холбоодын Цом”-ын тэмцээний үеэр гайхалтай тоглолтыг үзүүлсэн тэд өөрсдийн дайчин бөгөөд эмх цэгцтэй довтолгооны хувилбаруудаа улам боловсронгуй болгож, хамгийн гол нь төгсгөлийг сайн хийвэл “гэрийн нохойн сүүл өөдөө” гэгчээр ямар ч амжилт үзүүлж болох юм.
- Таавар: Тэднийг хэсгээс гарсан байхад хэн ч гайхахгүй. Тэгээд ч ДАШТ-д талбайн эзэд доод тал нь хэсгээсээ шалгардаг гэдэг анхны тэмцээнээс эхлэн үйлчилсэн бичигдээгүй хууль биелэж болох юм.

Мексик: Тэд ямар ч тэмцээнд ямар ч амжилт үзүүлчих бүрэлдэхүүн, чадвартай баг байсаар ирсэн. Хэдийгээр тэд С.Эрикссоны удирдлаган дор тун хангалтгүй тоглосон ч шинэ дасгалжуулагч Х.Агуйррегийн хамтаар Gold Cup-д өөрийн гол өрсөлдөгч АНУ-г 5:0-ээр бут ниргэн түрүүлсэн билээ. Тэднийг хожих тийм ч амар байгаагүй, одоо ч “зөөлөн боорцог” лав биш.
- Таавар: Тэд эхний тоглолтоо талбайн эзэдтэй хэрхэн тоглохоос бүх зүйл шалтгаалах болов уу. Францад хожигдохгүй байж, Уругвайг хожих даалгавартай Африкийг зорих нь ч тодорхой.




Уругвай: Коста Рикаг нэмэлт тоглолтонд хожин байж шалгарсан Уругвайн шигшээг хэсгийн аль ч баг нь гол өрсөлдөгчийнхөө тоонд оруулаагүй байгаа болов уу. Гэсэн ч Д.Форлан зэрэг тоглогчид нь гялалзаж байгаа үед тэд эцсийн мөч хүртэл тэмцэж, хасагдах шатны төлөө тэмцэх ч үр дүн тэдний эсрэг гарах магадлал өндөр байна.
- Таавар: 2010 оны ДАШТ-аас тэд эрт хасагдаж болох юм. Анхны дэлхийн аваргад түрүүлсэн Уругвайчуудад дэлхийн хэмжээний супер од хэрэгтэй байна.





Франц: Шигшээ тэмцээнд тун маргаантай байдлаар шалгарсан тэдний хувьд шилдэг 32 багт багтсандаа л баяртай байгаа нь тодорхой. Дасгалжуулагч Р.Доменекийн хувьд хэсгээс шалгарахгүй байна гэдэг нь ажлаа өгнө гэсэн үг болохоор өндөр дарамтан дор байна гэж ойлгож болохоор. Тэд бусад өрсөлдөгчдөө бүгдийг нь хожиж чадахаар баг ч гэсэн өнөөдрийн формыг нь харвал хэнд ч хожигдчихож болох мэт. Тэд 2002 оны ДАШТ-д Уругвайтай мөн л А хэсэгт тааран 0:0-ээр тэнцэн, Т.Анри улаан хуудас авч байсан гашуун дурсамжаа мартаагүй байгаа нь тодорхой.
- Таавар: Хэдхэн сарын өмнө хэн нэгэн “Франц хэсгээс шалгарч чадахгүй” гэж хэлсэн бол бүгд түүнийг элэглэн шоолох байсан биз. З.Зиданаас хойш лидергүй мэт болсон тэдний хувьд энэ тэмцээн өөрсдийн алдагдсан нэр хүндээ эргүүлэн авах маш хүнд тэмцээн байх биз ээ.


B хэсэг

Аргентин: Д.Марадона хамгийн шилдэг эсвэл алдартай дасгалжуулагч биш байж болох ч түүний баг нь хэсгийнхээ лидер нь байтугай дэлхийн аваргын цомыг горилох хүчтэй өрсөлдөгч гарцаагүй мөн. Одоогоор дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин Л.Месси, хамгийн формтой байгаа хөлбөмбөгчдийн нэг Г.Игуайн гээд тэдний шилдгүүдийг бичвэл уртаас урт цуваа болно. Марадона өөрийн багийн гол асуудал болох хамгаалалтаа найдвартай болгох аваас хүчтэй өрсөлдөгч байж чадна.
- Таавар: Тактикийн сул тал болон сүүлийн үед үзүүлсэн хангалтгүй тоглолтууд нь тэднийг энэ хэсгийг тэргүүлэхэд саад болохгүй болов уу. Марадонад үндэсний баатраар ахин нэг өргөмжлөгдөх боломж байсаар.



Нигери: 1994 онд Нигери, Аргентин, Грек нэг хэсэгт ороход Нигеричүүд бөмбөг тоолон хэсгээсээ 1-р байраар шалгарч байжээ. Тэд өнөөдөр ч хэсгээ тэргүүлэхгүй юм аа гэхэд хасагдах шатанд шалгарах боломж байна. Залуусаар ихэвчлэн бүрдсэн Нигеричүүд өөрийн тивдээ байгаа давуу талаа ашиглан 2-р байрыг хүсэж байна. Магадгүй тэдэнд туршлага л дутах байх, гэхдээ энэ бол боломжгүй даалгавар биш.
- Таавар: БНСУ болон Грек хэрхэн тоглохыг нь тэдний хувь заяаг шийднэ. О.Мартинс формоо хадгалан, гоол оруулан, Микел хагас хамгаалалатанд лидерийн үүргээ гүйцэтгэх хэрэгтэй.

БНСУ: 2002 онд нутаг дээрээ үзүүлсэн гайхамшигт амжилтаа үзүүлэхийг хүсч байгаа нь тодорхой ч бодит байдал дээр энэ боломж тун бага билээ. Тэдний хувьд Европын аваргууд, Супер Бүргэдүүд болон дэлхийн хамгийн хүчирхэг багуудын нэгтэй таарна гэдэг тун хүнд сугалаа. Г.Хиддинк одоо байхгүй болохоор тэдэнд найдвар тун бага байна.
- Таавар: Хэдий тийм ч залуу тоглогчдод өөрсдийгөө харуулах боломж гарч ирж байгаа нь эргээд багийн амжилтанд нөлөөлж болох юм. Ялангуяа саяхан Азийн шилдэг залуу тоглогчийн шагнал хүртсэн, Селтиктэй гэрээ байгуулаад байгаа Ки Сун Ёонг.



Грек: Хамгийн уйтгартай хөлбөмбөг тоглодог шигшээ хэмээгддэг Грекчүүд түүхэндээ 2 дахь удаагаа л ДАШТ-д оролцох гэж байгаа нь сонирхолтой. Зохион байгуулалт, чанд хамгаалалтаар хэрхэн амжилтанд хүрч болдгийг Европын аварга болсноороо харуулсан О.Реххагелийн шавь нар тэр хэвээрээ байвал хэсгээсээ гарахгүй гэх газаргүй юм. Гэсэн ч тэдний эсрэг хэрхэн тоглох хэрэгтэйг бараг бүх мэргэжилтнүүд мэддэг болчихсон мэт.
- Таавар: Ихэнх мэргэжилтнүүд эрч хүчтэй довтолгоог эрхэмлэж тоглодог БНСУ, Аргентин, Нигерийн багуудын эсрэг тэдний хамгаалалт хүчин мөхөсдөнө гэж үзэж байна. Энэ бол тэдний хувьд хатуу сугалаа. Гэхдээ л 2004 онд ч гэсэн бүгд ингэж бичиж, ярьж байсныг санаарай.

C хэсэг

Англи: Хүн болгоны анхаарлын төвд үргэлж байсаар ирсэн Английн шигшээ хэсгийг тэргүүлэх гол фаворитоор нэрлэгдэж байна. Капеллогийн баг нөхөрсөг тоглолтуудад АНУ-тай хамгийн сүүлд тоглохдоо 2:0-ээр хожин, Словенийг ч торох юмгүй буулгаж авсан. Сүүлийн жилүүдэд хамгийн азгүй багаар албан бусаар өргөмжлөгдөөд байгаа тэдний хувьд хэсгийн тоглолтонд санаа зовох зүйл бараг байхгүй биз. Гэхдээ Капелло “Хэдийгээр амархан мэт цаасан дээрээс харагдаж байгаа ч тэндээс л асуудал учрах болно” гэж хэсгээ тодорхойлжээ.
- Таавар: Мөрөөдлийн гэмээр багтай ирэх Английн шигшээд олон хүн итгэл хүлээлгэж байгаа нь гарцаагүй. Хэрвээ хасагдах шатанд торгуулийн цохилт зэрэгтэй таарч азгүйтчихгүй бол Ф.Лампард, Д.Бекхэм, С.Жеррард зэрэг энэ цаг үеийн “домгууд” алтан цомыг өргөчихсөн зогсохгүй гэхийн аргагүй юм.

АНУ: Д.Бекхэм болон МLS /АНУ-ын Хөлбөмбөгийн лиг/ Америкийн хөлбөмбөгийг сүүлийн үед нэрд гаргасаар байна. Холбоодын цомын тэмцээний үеэр шуугиан тарьж, Испанийг мулталсан тэд энэ удаа Англитай таарчээ. 2002 оны ДАШТ-ын үеэр гялалзсан АНУ-ын багт 2010 онд түүнийгээ давтах, бүр давуулах боломж байна.
- Таавар: К.Демпси, Л.Донован нар формоо хадгалж чадах аваас тэдэнд хэсгийн 2-р байр хангалттай харагдаж байна. Зохион байгуулалттай хамгаалалт болон хүчтэй сөрөг довтолгоогоо тэд дэлхийд аль хэдийн мэдрүүлээд амжсан билээ.



Алжир: Египттэй хийсэн хүнд хэцүү 2 тулааны дараа Алжирыг хэн ч муу баг гэж хэлж зүрхлэхгүй болсон биз. Хамгийн сүүлд 1986 онд ДАШТ-д орсон нь тэдэнд давуу тал болж талбай дээрээ тоглож байгаа гэсэн сэтгэлзүйтэй оролцох Алжирын битүү морьдын тоглолтыг тааварлахад тун хүнд байна.
- Таавар: Тэд хэсгийн хамгийн сүүлд орохгүй л болов уу, гэхдээ тэр чинээгээрээ хэсгээсээ шалгарах боломж нь бага байх болно.


Словен: Дэлхийн чансааны 33-р байрт бичигдэж байгаа тэд энэ ДАШТ-д хамгийн том сюрпризийг үүсгэн оролцож байгаа баг билээ. ОХУ-ын залуусыг Г.Хиддинкийн хамт мулталсан тэднийг дутуу үнэлж огтхон ч болохгүй. Гэвч Англи тэднийг нөхөрсөг тоглолтонд зоволтгүй хожсон нь болон АНУ-ын форм зэргийг харвал хэсгээс шалгарах боломж тийм ч өндөр байхгүй.
- Таавар: Энэ удаа тэдэнд ямар нэг аз таарахгүй л болов уу. Тэднийг шуугиан дахин тарьж дараагийн шатанд шалгарна гэх ямар нэг үндэслэл үнэндээ алга. Магадгүй дарамтнаас хол, алдах юм байхгүй зэрэг нь сэтгэлзүйн давуу байдал бий болгож болох юм.

D хэсэг
Герман: Уламжлал ёсоор Германчууд энэхүү тэмцээний фаворит байх болно. Сугалаанд үргэлж азтай байдаг тэд энэ удаа тийм ч хялбар сугалаа татсангүй. Урьдчилсан шатны тоглолтуудыг харвал хамгаалалтаа сайжруулчихвал Герман машин төгс ажиллах боломжтой. И.Лёвоор удирдуулсан М.Баллак ахлагчтай немцүүдийг ямар ч зоригтон нь хэсгээс шалгарахгүй гэж хэлж зүрхлэхгүй биз ээ.
- Таавар: Том тэмцээний туршлага болон тогтвортой тоглолт, чанд зохион байгуулалт зэргийг нь харгалзан үзвэл эргэлзээгүй хэсгийг тэргүүлэх баг.



Австрали: Австраличууд энэ удаа харьцангуй хүнд шалгуурыг давж буюу Азийн бүсээс шалгаран ДАШТ-д оролцож байна. Лидерүүд нь Европт тоглодог ч А-Лигт багийн ихэнх масс нь харьяалагддаг учраас тэдэнд туршлагын асуудал яригдаж болох юм. Тэдэнд хэсгийнхээ аль ч багийн эсрэг тоглох эрч хүч, чадвар боломж байгаа ч хэтэрхий хүнд хэсэгт хуваарилагдсан мэт.
- Таавар: Герман хэсгээ тэргүүлнэ гэж үзвэл 2-р байрын төлөөх өрсөлдөөн маш ширүүн өрнөх нь гарцаагүй. Гэвч энэхүү тулаанд Австралийн шигшээ тэсч үлдэнэ гэж хэлэхэд тун хэцүү байна.



Серби: Тусгаар улсын хувиар анхныхаа ДАШТ-д оролцож байгаа Сербийн шигшээд маш олон чадварлаг тоглогчид бий. Хөлбөмбөгийн ертөнцөд хамгийн шилдэг залуусыг бэлтгэн гаргаж байгаа тэдэнд том тэмцээний туршлага дутагдах /ялангуяа Германы эсрэг тоглолтонд/ магадлал өндөртэй. Н.Видич хэдийгээр арын шугаманд байгаа ч хэсгээс шалгарахын тулд тэднээс маш өндөр ачаалал болон формыг шаардана.
- Таавар: Цаасан дээрх бүрэлдэхүүнийг нь харвал муугүй баг хэдий ч илүү биений хүчний тоглолттой болон туршлагатай багуудын эсрэг тоглоход хүч дутах бололтой. Хэсгээс шалгарах нь тэдний хувьд том амжилт, мэргэжилтнүүдийн хувьд том цохилт болох болно.

Гана: Өнгөрсөн ДАШТ-д үзүүлсэн эрч хүчтэй бөгөөд үзүүштэй тоглолтоороо өөрсдийгөө дэлхийд мэдрүүлсэн Ганын шигшээ урьд өмнө байгаагүйгээрээ хүчтэй бүрэлдэхүүнтэй энэ удаа ирж байна. Дээрээс нь Африкт болж байгаа тэмцээн гээд бодоод үзэхээр тэднийг энэ хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг гээд хэлэхэд буруудахгүй болов уу.
- Таавар: М.Эссьен талбайн төвд өөрийн “үргэлж” үзүүлдэг тоглолтоо үзүүлж чадах аваас тэд хэсгээсээ шалгарна. Гэхдээ хэсгийн бусад багуудыг харвал нутаг буцах боломж бас чамгүй бий.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ