4/8/10

SoccerReview: Байерн хагас шигшээд!

Тоглолтын эхний 7 минутанд л Даррен Гибсон болон Нани нарыг гоол хийхэд Манчестер Юнайтедийг 3 дахь жилдээ дараалан Аваргуудын лигийн финалд шалгарах нь гэдэгт эргэлзэх хүн тун цөөхөн үлдсэн биз ээ. Гэсэн ч герман машин хэзээ ч бууж өгдөггүйгээ харуулж, энэ жил одтой байгаа голланд хагас хамгаалагч Арьен Роббены гайхалтай гоолын ачаар Байерн Мюнхен 2002 оноос хойш анх удаа хагас шигшээд шалгарлаа.
Өмнөх тоглолтонд шагайндаа гэмтэл аван 3 долоо хоног тоглохгүй хэмээн оношлогдсон Уэйн Рүүни гарааны бүрэлдэхүүнд багтсан нь хамгийн сонирхолтой асуудлуудын нэг байлаа. Сир Алекс Фергюсон хэдийгээр өчигдөрхөн нь түүнийг тоглуулах ямар ч боломжгүй гэсэн ч ийн эцсийн мөчид гарааны бүрэлдэхүүнд багтаасан нь тэр байв. Челсид хожигдсон бүрэлдэхүүнээ Фергюсон нэлээн өөрчилж, Гари Невилл, Пол Скоулз, Райн Гиггз, Димитар Бербатов, Пак Жи Сунг нарыг сэлгээнд суулгасан байв. Харин Байерны бүрэлдэхүүнд Арьен Роббен болон Бастиан Швейнштейгер нар эргэн ирснээс өөр өөрчлөлт гараагүй байсан юм.
Тоглолтын эхлэл Байерны хувьд байж болох хамгийн муугаар эхэлсэн. Тэнцэхэд л дараагийн шатанд шалгарах болзолтой байсан тэд 3 дахь минутанд л тун санамсаргүй гоол алдчих нь тэр. Залуу бразил хамгаалагч Рафаел болон Рүүни нарын довтолгооны хувилбарыг Гибсон тун овжин ашиглан эхний гоолыг оруулсан юм. Хаалгач Буттын харагдах байдлыг Демичелис хаачихсан байсан учраас түүнд хаах боломж олдсонгүй. Байерны хамгийн асуудалтай байрлал болоод байгаа хамгаалалтын шугам тоглолтын эхнээс тун бүтэл муутай тоглолыг үзүүлж байсан нь 7 дахь минутанд алдсан 2 дахь гоолоос харагдана. Баруун жигүүрт Валенси залуу хамгаалагч Бадштюбер дээр хөнгөхөн “тоглож” байгаад талбайн төв рүү газраар дамжуулалт хийснийг Нани “чулуу” болгож онооны харьцааг 2:0 болголоо. Үүнээс хойш МанЮ бүр илт сэргэж, Байерн харин нойрноосоо сэрээгүй харин ч бүр шоконд орсон байдалтай хэсэг хугацаа өнгөрсөн. Энэ үед МанЮ хэд хэдэн сайхан боломжийг алдсан юм. Гэсэн ч 41 дэх минутанд Нани ахин оновчтой цохилт гүйцэтгэн гоол хийж, тооны харьцаа 3:0 болон, Манчестер хагас шигшээгийн “эрхээ” бараг халааслачихсан мэт бүгдэд санагдаж байлаа. Гэхдээ чухам яг энэ мөчөөс эхлэн Байерн, герман машин ажиллаж эхлэн өрсөлдөгчөө сандаргаж эхэлсэн. Төдийлэн бөмбөг эзэмшиж, өөр дээрээ тогтоож чадахгүй байсан төвийн шугам идэвхтэй болж ирэн улмаар Мюллерын дамжуулсан бөмбөгийг Кэрриктэй тэмцэлдсэн тулаанд ялсан Олич хүлээж аван Ван Дер Саарын хаалганд хөнгөхөн бөмбөг оруулан багтаа бага ч гэсэн найдвар өгсөн юм. Дараахан нь Роббены гоёмсог цохилтыг голланд хаалгач ихээхэн ур чадвар гарган байж хаасан бөгөөд ахиад хэдхэн минут байсансан бол германчууд 2 дахь бөмбөгөө хийх тун ойрхон байсан болов уу.
2-р үе эхлээд 5хан минут өнгөрч байхад туршлагагүй залуу хамгаалагч Рафаел франц маестро Риберигийн довтолгоог дүрмийн бус алдаа хийн зогсоож, улмаар 2 дахь шар хуудсаа авсан нь чухамхүү энэ тоглолтын хувь заяаг шийдчихсэн гэж хэлж болно. Эндээс эхлэн Байерн довтолж, МанЮ хамгаалж эхэлсэн юм. Сэлгээнээс орж ирсэн Гомеш болон Рибери нар хэд хэдэн сайхан боломжоо алдсны дараа 74 дэх минутанд Риберигийн булангийн цохилтоос хөөргөж өгсөн бөмбөгийг 16-ын шугамын гаднаас Арьен Роббен шууд цохин, өндөр техникийг үзүүлэн, гайхалтай нэгэн гоолыг хийснээр тооны харьцаа 3:2 болсон. Яг л өмнөх шатанд Фиорентинаг “аргалж” гарч ирсэн шиг дүр зураг Олд Траффордод давтагдаж эхлэв. Улмаар Байерн хамгаалалтандаа ахиж алдаа гаргасангүй, Фергюсоны сэлгээ-Гиггз, Бербатов нар үр дүнгүй тоглосоор 10 хүнтэй Манчестер ялалт байгуулсан ч Аваргуудын лигээс хасагдлаа.
Байерн 2001 онд түрүүлснээсээ хойш, харин Герман клуб 2002 оноос хойш Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч үлдээгүй байсан юм. Харин Английн ямар ч төлөөлөгч шөвгийн 4-т үлдээгүй нь сүүлийн 7 жил гараагүй байсан тохиолдол билээ.
Манчестер Юнайтедын энэхүү хожигдол тэднийг нэг тоглогчоос, Уэйн Рүүнигээс хэт хамааралтай болсныг илтгэж байна. Тэд Рүүнигүй Челситэй маш чухал тоглолтыг хийн, ялагдал хүлээж, сүүлийн 3 жил тэргүүлсэн Премьер лигийн тэргүүллээ алдсан. Харин энэ удаа Рүүни төсөөлөмгүй эргэн ирэлтийг хийж, талбайд гарсан ч шагайн өвчний зовиуртай байгаа нь илт мэдэгдэж, улмаар Рафаелийн улаан хуудасны дараа сэлгэгдсэн юм. Бербатовыг муу довтлогч гэж хэн ч хэлэхгүй ч МанЮ-д арай л гологдож байх шиг. Магадгүй Фергюсоны энэ зун хийх гол ажил нь Рүүниг дэмжих довтолгооны шугамаа хүчирхэгжүүлэх байх болов уу.
Байерн Мюнхен ингэснээр 3 фронтод зэрэг тулалдсан хэвээр үлдэж байна. Тэд Бундеслигийг 2-т яваа Шалькегаас 1 онооны илүүтэй тэргүүлж, Покал буюу цомын тэмцээний финалд Вердер Брементэй тоглохоор болоод байгаа. Аваргуудын лигийн хагас шигшээд яг энэ тоглолттой зэрэг явагдсан Бордо Лион багуудын ялагч болох Лион клубтэй тоглоно. Энэ зун ирсэн Луй Ван Гаалийн тактик болон шинэчлэлт багийн амжилтанд нөлөөлж буй нь тодорхой ч дээрээс нь Роббери буюу Рибери-Роббен гэсэн жигүүрийн 2 дэлхийн зэрэглэлийн тоглогчид тэдний амжилтанд шууд хамаатай. Рибери өнөөдөр тийм сайн байгаагүй ч хамгаалагчдын толгойны өвчин байнга байлаа. Роббены тоглолтыг, түүнийг тоглолтын шилдгээр шалгаруулахад 72 дахь минутанд хийсэн гоол л хангалттай биз ээ. Алдсан гоолууд, гаргасан алдаанууд зэргээсээ хаалгач, төвийн хамгаалалтын тал дээр асуудалтай, энэ зун ажиллах хэрэгтэй болжээ гэдгийг менежер Нерлингер болон Ван Гааль нар анзаарсан гэж найдаж сууя.
1999 оны Аваргуудын лигийн финалд хоорондоо таарч тоглон, шүүгчийн мэдлийн цагт 2 гоолыг хийн МанЮ аварга болж байсан бол 2001 онд Байерн шөвгийн 8-д 2 тоглолтонд МанЮ-г буулгаж аван тэр жилийнхээ аварга болж байсан түүхтэй. Тэгвэл энэ жил яах бол? Бөмбөг бөөрөнхий, бүгдээрээ харж л сууя. Манчестер Юнайтед, Англи улс Аваргуудын лигээс хасагдаж, Байерн Мюнхен 9 жилийн дараа эргэн шилдэг 4-т ирлээ.

2 comments:

  1. he he manu neeree goyo gusuullaa tanaihiig hojihod n bish manug husuulahad aimaar bayarlaad orilovshd :P neeree unen tas togolloo odoo barsag finald nuhaad l avraga buur tavan turuutei darhan avraga bollooshdee

    ReplyDelete
  2. Нүдэнд харагдахаар бичсэн байна. МАНЮ-ийн хувьд харамсалтай л байна. Уг нь миний дэмждэг баг юмсан. Гэхдээ танай багын ялалтанд баяр хүргэе.

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.