3/3/10

MusicPreview: Cinema Night 3

Хөгжим сонирхогчдод өөрсдийн бэлтгэн хүргэдэг шинэлэг бөгөөд сонирхолтой тоглолтуудаараа үргэлж бэлэг барьж байдаг Монгол Улсын Филармонид ахиад нэгэн бэлгээ задалсан тухай мэдээг танд хүргэх гэж байна. Саяхан морин хуурын 2-хон чавхдсаар дэлхийн сонгодог киноны хөгжмүүдийг эгшиглүүлсэн Playing Love тоглолтоо 5 ч удаа тоглож, зөвхөн Филармоний түүхэнд төдийгүй Монголын сонгодог хөгжмийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг бичсэн тэд энэ удаа өмнө нь 2 ч удаа тоглож үзэгчдийн таашаалыг хүртээд аль хэдийн амжсан Cinema Night тоглолтоо 3-р сарын 4, 5-ны өдрүүдээр тоглох гэж байна. Оскарын шагнал хүртсэн шилдэг кинонууд болон үзэгчдийн сэтгэлд хоногшсон дуунуудын хөгжмийг төгөлдөр хуурын гоцлол болон сонгодог оркестрийн хамтаар тоглон хүргэдэг тус тоглолтыг өмнө нь үзэх боломж надад тохиож байсан юм. Эхний тоглолт нь үнэхээр сонгодог тоглолт ямар болох ёстойг, ямар болдгийг, ямар болж болдгийг үзэгчдэд өндөр түвшинд харуулсан мэдрүүлсэн тоглолт болсон мэт санагддаг. Удирдаач Б.Лхагвасүрэн, төгөлдөр хуурч Б.Анар нарын өөрсдийн найруулан бэлтгэсэн тус тоглолтын төгсгөлд “Биелэгдэшгүй Даалгавар” киноын цоглог бөгөөд сүрт хөгжмийг тоглон дуусахад танхимд хуран цугласан, үзэгч бүхэн босож талархлаа илэрхийлэн, удаанаас удаан алга ташин, баяр хүргэж байсан нь тухайн үед ойрд харагдаагүй тэсрэлт байсан юм. 2 дахь тоглолт багагүй хүлээлтийн дараа тоглогдсон. Энэ удаа мэргэжлийнхээ дагуу Италид суралцдаг морин хийлч Амармэнд, шилдэг төгөлдөр хуурчдын нэг Анартай хамтран гоцлол хөгжмийг тоглосон юм. Сувдан эрэг, Домог 1900, Мөрөөдлийн Кино Театр зэрэг кинонуудын хөгжмийг үнэхээр үзэгчдийн сэтгэлд хүртэл, дотор нь үйл явдлыг нь санагдуулам, санагдуулаад дурсамжийг сэргээмээр, дурсамжийг сэргээн сэтгэлийг уймруулам, уймруулан уйлуулам аялгууг эгшиглүүлж үнэхээр чадсан.
...3 дахь тоглолтыг зөвхөн би ч биш олон олон хөгжмийн хорхойтнууд удаан хугацаагаар хүлээсэн нь тодорхой. Болох нь ойлгомжтой ч хэзээ нь тодорхойгүй байсан тус тоглолтын анхны тов 12 сард хэмээн гарсансан. Гэвч гайт өвчнйи улмаас үзвэл үйлчилгээний газруудын хуваарьт өөрчлөлт гаран улмаар одоо тоглох гэж байна. Бидний сэтгэлд хоногшсон Форрест Гамп, Хатан Зоригтон, Оддын дайн, Шиндлерийн Бүртгэл зэрэг кинонуудын хөгжмийг бид энэ удаа амьдаар, гэхдээ илүү уянгалаг бөгөөд мэргэжлийн хөгжимчдийн тоглосноор сонсох боломж гарч байна. Үйлчилгээний хувьд шинэлэг зүйлсийг бидэнд зориулах тал дээрээ үргэлж эхний эгнээнд явдаг Филармоний хамт олноос бэлдсэн сюрпризүүдийг нь хүлээсээр байна. Зарлалын хуудасны төгсгөлд хэд хэдэн дуучдын нэрс, мөн Хөгжим Бүжгийн Коллежийн найрал дуучид байсан нь сонирхол татахгүй байхын аргагүй байлаа. Юутай ч удаан хүлээсэн тоглолт тун удахгүй, 3-р сарын 4,5-ны өдөр тоглох гэж байна, би лав үзнэ, таныг ч гэсэн үзэхийг хүсч байна. Хамгийн гол нь бидэнд ийм боломж дахиж олдохгүй ч байж мэднэ. Улсын Филармоний твиттер хуудсаараа мэдэгдснээр магадгүй энэ цувралын сүүлчийнх гэсэн учраас энэ боломжийг, тэр нэгэн гайхалтай мэдрэмжийг амтлах, мэдрэх, сонсох боломжийг бүү алдаарай. Та энэ үдэш сэтгэл хөдөлгөм хөгжмийн яруу эгшгийн аялгуунд уяран хайлж, уйлан ухаарч, догдлон биширч, дурсан сэргэж, инээн баясах болно. Төгсгөлд нь 2009 онд тоглосон 2-р цуврал дээр тоглогдсон Сувдан Эрэг киноны хөгжмийн үеэр хийсэн өөрийн бичлэгээс хуваалцаж байна...

6 comments:

  1. Юуны өмнө энэхүү тоглолтыг санаачилж хийсэн төгөлдөр хуурч Анар, морин хийлч Амармэнд, Улсын филармонийн удирдаач Лхагваа нарт баяр хүргэе. Залуус сүүлийн үед сонгодог урлагийг ойлгон мэдэрэхэд энэхүү "Cinema night" тоглолт ихээхэн дэм болсон гэж бодож байна. Анхны "Cinema night" тоглолтыг би санаж байна. тэр тоглолт миний хувьд сайн болсон. уран бүтээлчид маань ч сэтгэл хангалуун байсан байхаа. Мөн анх удаагаа Монголдоо дэлхийн шилдэг киноны хөгжмийн бүтээлийг зориг гаргаж тоглолт хийсэн нь маш том амжилть шинэлэг зүйл болж чадсан юм. эхний болоод 2 дахь тоглолтон дээр ч тоглосон бүтээлүүд нь үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан шүү. Мөн Улсын филармонийн симфони найрал хөгжмийн хамт олонд ч гэсэн талархал илэрхийлье. Энэ сарын 4,5-ны тоглолтонд чинь амжилт хүсье. та бүхэнд цаашид ч олон шинэлэг уран бүтээлийн тоглолтыг хийнэ гэдэгт итгэж, найдаж хүлээж байгаа шүү амжилт хүсье. Та бүхнийг хүндэтгэсэн: Атула

    ReplyDelete
  2. Ээ арзайгаад уншиж болохгүй нь ээ :|

    ReplyDelete
  3. Заавал үзнэ ээ.

    ReplyDelete
  4. 2 дахь тоглолтыг үзсэн үнэхээр сайхан тоглолт болсон 2хон хөгжмөөр тэр сайхан аялгуунуудыг маш сайхан сэтгэлд хүрэхүйц гаргасан. Энэ удаагийн тоглолт нь сүрлэг гоё болох шинжтэй, заавал үзнээ

    ReplyDelete
  5. сайхан хөгжим байна. сонсоод л орчлонг бодлоо хэхэ.

    ReplyDelete
  6. ene ih saihan toglolt bolson shuu dursgaltai shuu ene saihan tgloltiig uzuulsen hund bayrlala

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.