1/31/10

SoccerReview: 2010 оны ДАШТ-ыг шинжихүй /2-р хэсэг/


Италичууд аваргаа хамгаалж чадах уу, Испаничууд давхар цохилт хийж чадах уу, Бразилчууд алдагдсан нэр хүндээ эргүүлэн авч чадах уу, Англичууд мөнхийн азгүйтлээсээ зугтаж чадах уу. Аль эсвэл Африкийн аль нэг баг нь шуугиан тарьж нутагтаа түрүүлэх болов уу. Анх удаа, эсвэл удаан завсарлаад оролцож байгаа багуудаас нэг нь онцгойрон цойлох юм болов уу. Харж л сууя, бид 4 жил хүлээж болсон юм чинь дахиад хэдхэн сар хүлээхэд юу нь болохгүй гэж .



E хэсэг
Голланд: Урьдчилсан шатнаас хамгийн эхэнд эрхээ авсан Голландчууд өөрсдийн сугалаандаа сэтгэл хангалуун байгаа биз ээ. Саяхан Японыг нөхөрсөг тоглолтонд 3:0-ээр хожсон тэд Евро-2008-д үзүүлсэн тоглолтоо үзүүлбэл хэсгийн тэргүүн багаар хялбархан шалгарах биз. Үеийн үед үзүүштэй, уран, чадварлаг тоглолтоороо гайхуулдаг “нисдэг Голландчууд” энэ ДАШТ-д ч хамгийн сонирхолтой багуудын нэг байх болно.
- Таавар: Хэсгийн 1-р байрт эргэлзээгүй орно. Орон гаран тоглолттойгоороо гайхагддаг өндөр зэрэглэлийн олон тоглогчидтой учир хасагдах шатанд л толгойгоо гашилгаж болох юм.



Дани: Португал, Швед, Унгар гэсэн багуудтай хэсгээс сэтгэл хөдөлгөм тоглолтууд үзүүлсээр 1-р байраар шалгарч гарч ирсэн Данийн шигшээ багт найдлага тавьж байгаа цөөнгүй хүн байна. Тийм ч хүнд сугалаа биш болохоор Мортен Олсений залуус хэсгээс гарах боломж тун өндөр юм.
- Таавар: Бүрэлдэхүүний хувьд, багийн зохион байгуулалтын хувьд тун өндөр түвшин байгаа нь сонгон шалгаруулалтаас харагдсан тул магадгүй хэсгийн тэргүүн байрын төлөө өрсөлдөж болох юм.




Япон: 4 дэхээ дараалан ДАШТ-д шалгаран оролцож байгаа Азийн хамгийн амжилттай багуудын нэг Японы шигшээ багийн хувьд энэ удаа тун хүнд сугалаа татжээ. Хэсгийн бусад 3 баг нь хамгийн сул багаар тэднийг тодруулж, боломжит 3 оноогоо авахаар зүтгэх болно. Сүүлийн нөхөрсөг тоглолтуудад бараг бүгдэд нь хожигдож, чансааны 43-р байрт бичигдэж байгаа Японы шигшээд Ш.Накамурагийн тоглолт хэр байх нь тун чухал.
- Таавар: Хэдийгээр эрч хүчтэй, хурдтай баг хэдий ч тэднийг хэсгээсээ шалгарна гэж хэлэх арай боломж байхгүй мэт. Хэсгийн сүүлийн байрт орохгүй байх нь тэдний хувьд том амжилт гэлтэй. Энэ жил бишээ, магадгүй 2022 онд...



Камерун: Өөрийн тивдээ тоглох Камеруны шигшээг хожих нь тун хэцүү даалгавар байх болов уу. 2006 оны ДАШТ-ыг өнжсөн тэдний хувьд С.Это’о тэргүүтэй тун хүчтэй бөгөөд эрч хүчтэй бүрэлдэхүүнтэйгээр энэ удаа оролцох болно. Тэдний сөрөг довтолгоо болон ширүүн тоглолт эсрэг багтаа хамгийн гай тарьж болох юм.
- Таавар: Тэдний ойрын үеийн формыг харвал хэсгээс гарахын тулд нэлээн ширүүн тэмцлийг өрнүүлэх болов уу. Гэхдээ Данийн багтай хэрхэн тоглохоос тэдний ирээдүй шийдэгдэх биз.



F хэсэг

Итали: Дэлхийн аварга цолыг эзэмшигч Италийн шигшээ ийм сугалаа татсандаа өөрсдийгөө азтайд тооцох хэрэгтэй болов уу. Энэ хэсэгт орсон багуудын дундаж чансаа нь 36 байгаа нь хамгийн сул хэсэг гэсэн статус зүүхэд хүргэж байна. Липпигийн “ахимаг” одод нь хэсгийн тоглолтондоо лав санаа зовохгүй нь.
- Таавар: Парагвайн шигшээ тэдэнд гай тарьж мэдэх ч Италичуудад хэсгийн тэргүүн байрыг эзлэх туршлага, чадвар, боломж дүүрэн байна.





Парагвай: Өмнөд Америкийн сонгон шалгаруулах бүсийн хамгийн шилдгүүдийн нэг нь байсан Р.Санта Крузээр удирдуулсан Парагвайн шигшээд хэсгээсээ гарах бүх тохироо нь бүрджээ. Хэдийгээр голцуу залуусаас бүрдсэн баг байх ч гэсэн сонгон шалгаруулалтад үзүүлсэн эрчтэй, хурдтай тоглолт нь тэднийг энэ хэсгийн фаворитуудын нэг байх нөхцлийг бий болгож байна.
- Таавар: Хэсгээсээ 2-р байраар шалгаран дараагийн шатанд шалгарна. Сугалаа тэдэнд энэ боломжийг өгсөн, харин тэд өөрсдөө үүнийгээ ашиглах ёстой.

Шинэ Зеланд: Далайн бүсийн багуудаа бут ниргэсээр гарч ирсэн тэдний хувьд 1982 онд анх ДАШТ-д оролцсон юм. Гэсэн ч тэр тэмцээнд ганц ч оноогүй буцсан гашуун туршлага нь энэ жил ч давтагдах бололтой. Тэдэнд дундаж түвшний Р.Нелсен гэсэн ганц л тоглогч байна. ДАШТ-д оролцоно гэдэг Шинэ Зеландын багийн хувьд том амжилт, гэхдээ хэн ч тэмцээнд ялагдах гэж ирдэггүй!
- Таавар: Хэсгийн сүүлийн байр. Шуудхан хэлэхэд оноо авахгүй, тэр ч бүү хэл гоол ч оруулахгүй байж мэднэ.


Словак: М.Скртел, М.Хамсик гээд зөвхөн цаасан дээр төдийгүй талбай дээр ч багаа удирдаад аваад явчих залуу одод бүхий Словакийн шигшээ хүчтэй бүрэлдэхүүнтэй байна. Гэсэн ч тусгаар улсын хувиар анх удаа ДАШТ-д оролцож байгаа тэдэнд түүх бүтээж хасагдах шатанд үлдэх боломж тийм ч өндөр биш байна.
- Таавар: Том тэмцээний туршлага тэдэнд хамгийн гол саад болох болно. Тэд Европын аваргад ч оролцож байгаагүй. Бас хэтэрхий залуухан байна. Хэсэгтээ 3-р байр. Гэхдээ тэднийг бүү басаарай, тэд Чехийг мулталсан шүү дээ.

G хэсэг
Бразил: Дунгагийн залуусын хувьд энэ байж болох хамгийн хүнд сугалаа байлаа. Дэлхийн чансааны эхний 10-т байгаа 2 баг багтсан хэсэг үүнээс өөр байхгүй. Ихэнх хүмүүс Кака, Л.Фабиано зэрэг топ тоглогчид нь ид формтой байваас тэднийг хэсгээсээ шалгарах нь тодорхой гэж байгаа ч энэ нь тийм хялбар биш байх болно. Уламжлал ёсоор довтолсон тоглолт үзүүлэх ч “шоудах” цаг олдохгүй л болов уу.
- Таавар: Туршлага болон тоглогчдын ур чадвар зэргийг харгалзвал хэсгийн лидер баг. Гэхдээ “үхлийн хэсэг” үргэлж сюрпризээр дүүрэн байдаг, хэн мэдэхэв.



БНАСАУ: Үхлийн хэсгийн хамгийн сул баг хэмээн нэрлэж байгаа ч үнэн хэрэгтээ тэднийг дэлхий нийт тийм ч сайн мэдэхгүй болохоор тэгж хэлж байна. Монголын шигшээ багтай сонгон шалгаруулалтын эхний тоглолтоо хийж байсныг санаж байгаа биз. Хэрвээ өөр хэсэгт орсон бол “битүү морьд”-д илүү боломж гарах байсан, гэвч бодит байдал дээр энэ тэдний хувьд үнэхээр азгүй сугалаа. Чансааны 86-т бичигдэж байгаа тэд ДАШТ-д 1966 онд анх оролцохдоо шөвгийн 8-д шалгарч гайхуулж байсныг бүү мартаарай.
- Таавар: Тэдний хувьд энэ удаа оноо авах, аль нэг багтай нь тэнцэх нь том амжилт болох болно. Гэхдээ ахин сануулахад хэн ч тэднийг тийм ч сайн мэдэхгүй. Бид мэдэхгүй зүйлээсээ л айдаг шүү дээ.

Зааны Ясан Эрэг: Өнгөрсөн ДАШТ-д анх шалгаран оролцохдоо үхлийн хэсэгт орон харамсалтайгаар нутаг буцаж байсан тэд энэ удаа ч үхлийн хэсэгт орлоо. Гэхдээ энэ удаа тэдний хэсгээс гарах магадлал өндөр. Хэрвээ Бразил хэсгээ тэргүүлнэ гэж үзвэл Португалийн сонгон шалгаруулалтанд үзүүлсэн “аймшигтай” тоглолтуудаас дүгнэн “Заан”-уудыг 2-р байраар шалгарах боломжтой гэж хэлж чадахаар байна. Д.Дрогба, К.Туре, Я.Туре..эд бол тэдний “чихцэлдэж” ядсан оддын энгийн жишээ.
- Таавар: Африк тивд болж байгаа тэмцээнд Африк баг шуугиан тарьж яагаад болохгүй гэж. Тийм баг болох хамгийн магадлалтай нь ЗЯЭ. Хамгийн гол нь тэд Португал, К.Роналдуг ялах ёстой.

Португал: Европын Бразилчуудын яг одоогийн форм тийм ч сайн биш байна. К.Роналду гэмтэх л юм бол К.Кэйрошийн залуусын байдал хэцүүдэх болно. Босниаг тэд зовж байж, магадгүй бага зэргийн азны ачаар ялсан байж болох ч ДАШТ-д тийм зүйл тохиолдохгүй л болов уу. Тэгсэн хэдий ч тэд энэ ДАШТ-д оролцож байгаа хамгийн сайн бүрэлдэхүүнтэй багуудын нэг нь гарцаагүй билээ.
- Таавар: Зааны Ясан Эргийн багтай хийх тоглолт бүхнийг шийдэх болов уу. Тэдэнд туршлага, хангалттай одод бий. Одоо Кэйрошийн тактикт нийцүүлэн, сайн зохион байгуулалттай байх л шаардлагатай.

H хэсэг

Испани: Дэлхийн чансааг тэргүүлэгч, яг одоогийн хамгийн шилдэг баг гэж хэлж болохуйц Испаничуудын хувьд энэ тийм ч хүнд сугалаа биш. Гэхдээ хэсгээс шалгарсны дараа өөрийн хөрш Португалтай таарах магадлал 50 хувь. Европын аваргуудын хувьд энэхүү тэмцээний гол түрүүлэх магадлалтай баг гэдэг нь тодорхой ч бүхнийг эхнээс нь тун болгоомжтой хийх хэрэгтэй. Испаничуудыг бүх цаг үеийн хамгийн азгүй баг гэж зүгээр ч нэг тодорхойлойгүй биз.
- Таавар: Сүүлийн жилүүдэд Европт ноёрхож байгаа Испаничуудад энэ хэсгийг тэргүүлэх нь тийм ч хэцүү биш байх болов уу.


Швейцарь: Шигшээ багийн түвшинд тийм ч туршлагагүй ч дэлхийн шилдгүүдийн нэг О.Хитцфельд дасгалжуулж байгаа Швейцарийн шигшээ Европын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, өмнөх хэд хэдэн томоохон тэмцээнд оролцож, туршлага хуримтлуулсан тул хэсгээс шалгарах боломж Америк тивийн 2 өрсөлдөгчөөсөө хавьгүй илүү байна.
- Таавар: Хэрэгтэй оноонуудаа авах, бүх боломжоо ашиглах хэрэгтэй. Хамгаалалтаас сөрөг довтолгоонд шилждэг онцлогоо бүрэн гаргаж чадвал 2-р байр халаасанд байна.

Гондурас: 1982 онд ДАШТ-д анх оролцсноосоо хойш дэлхийн хэмжээний тэмцээний утаа үнэрлээгүй Гондурасын багийг дутуу үнэлж болохгүй. Тэд сонгон шалгаруулалтанд гайхалтай тоглолт үзүүлсэн, дээрээс нь У.Паласио, Д.Суазо зэрэг эсрэг багийн хаалгыг мялаачих чадвартай олон тоглогчидтой. Гэсэн ч туршлага дутах өндөр магадлалтай Гондурасчуудын хувьд тэмцээнд оролцоно гэдэг том амжилт юм.
- Таавар: Зарим нэг “шинэ” багуудтай адил тэдний хувьд оноо авах нь амжилттай оролцсныг илтгэх болно. Гэсэн ч хэсгээс шалгарах боломж бараг үгүй л болов уу.

Чили: Өмнөд Америкийн ямар ч багийг хожих тун хэцүү байдаг. Ялангуяа М.Гонзалез, М.Фернандез зэрэг хурдтай бөгөөд чадварлаг жигүүрийн тоглогчидтой Чилийн багийг. 1998 оны ДАШТ-д И.Самароно, М.Салас зэрэг ододтой байх үедээ хамгийн сүүлд оролцсон тэдний хувьд энэ удаагийн тэмцээнд Швейцарийн багтай 2-р байрын төлөө өрсөлдөх даалгавартайгаар ирэх биз ээ.
- Таавар: Гондурасын багтай оноо хувааж болохгүй. Гэхдээ тэр хэмжээгээрээ Испаний багаас оноо авах шаардлагатай. Тэгсэн ч хэсгээс гарах боломж тийм ч өндөр биш.


11 comments:

  1. G hesgees l ih aij bna
    demjdeg brasil portugal 2 neg hesegte. bas naidvar tavij bgaa zaanii ysan eregtei hamt orchih yum..
    portugal zaanii ysan ereg 2 garaad irehed yu ni baig gj
    bi ch gants barsil-gaa muuhai "eruuj" bna daa hehe
    gehdee z.ys.ereg yum duulgah bhaa...

    Za teed suuliin WC-daa orj bgaa lampard gerrard terry rio beckham nar maani Altan daginiig orgoorei gj eruuy doo

    ReplyDelete
  2. Их сайхан тойм болжээ

    ReplyDelete
  3. Миний мэдэхээр юун тэр таван цагариг магариг вэ
    гоё болжээ Уундаа Таалагдлаа
    би хувьдаа англи л түрүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа

    ReplyDelete
  4. GO ENGLAND :), Fabio Capello ;)

    ReplyDelete
  5. 4-4-2 bas 3-6-1 gedeg formation ashiglana gej naidaj baina daa
    Za teged 5 sar tesehees :P

    ReplyDelete
  6. Нэг л багийг дэмжиж байна дэмжсээр ч байх болно. Одоогоор их алиа, олны анхаарлын төвд орох дуртай, алдартай тоглогчоор удирдуулсан нэг баг бий тэрийг л энэ жил нэг юмнаас зүүгдэнэ гэдэгт ихээхэн найдлага тавьж сууна.

    Энэ тэмцээнээс төрөх шинэ одыг хэн байна гэж бодож байна?

    Заа тэгээд гэмтэл бэртэл шигшээ багийн бүрэлдэхүүнүүдийг дайралгүйхэн шиг сайхан дэлхийн аваргыг үзчих юмсан.
    Нийтлэл сайн болжээ. Дараагийнхийг хүлээнэм

    ReplyDelete
  7. ,,,zarim neg humuus evderch hemhervel ter bagiin jinhene tar ni tanigdana da,,,delhiin avargiig 98 onii france 02 onii brazil 06 onii italy shig bairlal bolgondoo jigd toglogchidtoi bag l avna,,,harin 10 ond afrikiin bag tsom urguvul margash ugluuniih ni nar baruunaas mandah vi de,,,hoho

    ReplyDelete
  8. нөгөө талд нь бразил халит азгүйтээд хэсгээс хоёроор гараад эсвэл испани азгүйтэж хэсгээс хоёроор гарвал бараг финалын тоглолт болно доо.

    ReplyDelete
  9. Миний муу ИТАЛИ хол явнөө хол явна

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.