9/14/09

SoccerReview: Шинэ улирлын өнгийг шинжихүй...

Цэнхэр гарагийн ногоон талбайд цусгүй тулаан үргэлжилсээр байна. Европын хөлбөмбөгийн 2009-2010 оны улирлын тоглолтууд эхлэн, өдгөө 1-4 тойргийн тоглолт хийн, 2010 оны ДАШТ-ын сонгон шалгаруулах тэмцээн болон шигшээ багуудын нөхөрсөг тоглолтонд зориулан түр завсарлаад байна. Энэ талаар "Хөлбөмбөг" сонинд явуулахаар бичсэн нийтлэлээ блогтоо тавьж байна, гэхдээ энэхүү нийтлэлийг Премьер лигийн 5-р тойрог эхлэхээс өмнө бичсэн гэдгийг санаарай, зарим нэгэн статистик үзүүлэлтүүд өөрчлөгдснийг анхаараарай..За тээд сэтгэгдлээ үлдээнэ гэж найдаж байна...
АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ

Өдгөө хамгийн сонирхолтой, хамгийн үзүүштэй, хамгийн хүчирхэг лигт тооцогдож байгаа Премьер лиг 8-р сарын 15-нд Челси болон Халл Сити багуудын тоглолтоор эхэлсэн билээ. Одоогийн байдлаар 4 тойргийн тоглолт явагдан Лондоны 2 баг болох Челси, Тоттенхэм багууд 4 хожил, 12 оноотойгоор 1-р байрт, харин Манчестерын 2 баг Юнайтед 4 тоглолтонд 9 оноотой, Сити 3 тоглолтонд 9 оноотой удаалж байна. Шинээр энэ улиралд дэвшин орж ирсэн Барнли клуб цэгцтэй хамгаалалт, зоригтой тоглолтынхоо ачаар сүүлий 3 жилд босоо байгаа аваргуудын буулгаж авсан нь одоогийн байдлаарх хамгийн том сенсааци байлаа. Харин Т.Соренсены найдвартай тоглолтын ачаар өнгөрсөн жил арай гэж дээд лигт тогтож үлдсэн Стоук Сити хүснэгтийн 5-рт бичигдэн, тоон дотор үсэг цохиж явна уу гэмээр харагдаж байна. Харин хүснэгтийн манлайд бичигдэх учиртай Бенитезийн удирдсан Ливерпүүл клуб 2 хожигдолтойгоор 4 тоглолтонд 6 оноо аван хүснэгтийн 6-10-рт Арсеналын хамт бичигдэж байна. Гэхдээ Арсене Венгерийн “хүүхдүүд” 3 тоглосон, дээрээс нь МанЮ-д тун харамсалтай хожигдон ийн явааг онцолъё. Хүснэгтийн хамгийн доор Блекберн, Болтон, Портсмут зэрэг нэгэн үе лигийн дундажаас дээгүүр багуудад тооцогдон, томчуудад халгаатай явсан архаг багууд бичигдэж байгаа нь хачирхалтай.

1. Челси
Яг одоогоор хүснэгтийг тэргүүлж яваа Челси баг энэ жил үнэхээр өнгөтэй харагдаж байна. Тэртээ 2004 онд Ж.Моуриньог анх ирэхэд тэд 4 дараалан ялж байсан түүхтэй. Яаж Аваргуудын Лигт түрүүлэхээ мэддэг Итали дасгалжуулагч К.Анчелотти ирснээр тэдэнд бооцоогоо тавигчид улам олширсоор. /Гэхдээ хуваарийн дагуу дундаж 4 багтай тоглоод байгааг санах хэрэгтэй. / Дээрээс нь гол довтлогч Д.Дрогбагийн ирээдүйн талаарх асуудал цэг тавигдаж, өөрөө ч өнгөрсөн жилийн мэргэн бууч Н.Анелькатай тун сайн ойлголцож тоглон, энэ хослол бараг тоглолт бүрд гоол оруулж байна. Төвийн шугамд байгаа хүчирхэг залуусынх нь оргил формтойгоо байх бараг сүүлийн жил гэж хэлж болох энэ жил тэд үнэхээр сайн байна. Германы шигшээгийн ахлагч М.Баллак 2 гоол 4 тоглолтонд оруулаад байгаа бол Ф.Лэмпард 20 гоол оруулах төлөвлөгөөтэй байгаагаа зарлаад байгааг санахад илүүдэхгүй. Ф.Малуда, Ж.Микель, М.Эссьен нар ч өөрсдийн үүргээ хангалттай биелүүлэн “эргэлтийн” системд тун сайн тоглож байгаа билээ. Мөн Декуг мартаж болохгүй. Саяхан л Р.Карвальогийн хамт хуучин босс Ж.Моуриньо дээр очих юм шиг хүн бүхэнд санагдаж, энэ яриа бараг биеллээ олж байсан ч өнөөдөр тэд 2-уулаа Челсид тун хэрэгтэй тоглогч болохоо харуулж чадснаар барахгүй үнэхээр сайн тоглолтыг харуулж байна. Хамгаалагчдын хувьд Ж.Терри, Э.Коул нар гэрээгээ сунгаснаар ойрын 4 жилдээ лав багаа солихгүй бололтой. Хэдхэн хоногийн өмнө ФИФА-аас гаргасан 2011 оны өвлийн наймааны цонх хүртэл багтаа хүн авч болохгүй гэсэн шийдвэр л тэдэнд нөлөөлчихгүй бол уул нь ирээдүй нь гэрэлтэй л байна. Г.Какутаг 2007 онд Ленс багаас гэрээг нь цуцлуулан, түүнд нөлөөлсөн хэргээр ийм ял сонссон Челсигийн талаар бараг амтай болгон хэлэлцэж байна. Экс Челси А.Роббен “Улирлын төгсгөлөөр олон одод багаа орхиж болох юм” гэсэн бол Челсид богинохон ч гэсэн хугацаанд нэр хүнд олж чадсан Г.Хиддинк “Энэ шийдвэр тэднийг хурцалж, бүр илүү бадраах болно” гэж ярьсан байна. Юутай ч тэдний хэрхэн тоглохыг, ФИФА-ийн эсрэг давж заалдалт хэр амжилттай болохыг цаг хугацаа харуулах биз.
2. Тоттенхэм
Нэлээн олон жилийн өмнөөс л топ 4-ийн дундуур шургачихаж магадгүй, аюултай багаар Тоттенхамыг хөгжөөн дэмжигчид төдийгүй, мэргэжилтнүүд нэрлэсээр ирсэн ч орон гаран тоглолтынхоо гайгаар амжилтанд хүрч чадахгүй байсаар өдийг хүрсэн Лондоны баг энэ жил тун өнгөтэй байна. Ялангуяа довтлогооны шугам нь үнэхээр хүчирхэг байгаа гэдэгтэй санал нэгдэх биз ээ. Ж.Дефое мэргэн буучдын жагсаалтанд бичигдэж, Английн шигшээд хэрэгтэй тоглогч гэдгээ харуулаад байгаа бол багийн ахлагч, ямар ч үед ухаалаг, мэдрэмжтэй тоглолтоороо шагшигддаг Р.Кин формтой хэвээр л байна. Дээрэс нь ОХУ-ын шигшээгийн довтлогч Р.Павлюченко, 2 давхарт бол хэнийг ч “бааварлачих” П.Крауч гээд л нөөцийн хувьд ч хэн хэнийгээ орлочих чадвартай 4 довтлогч тэднийд иржээ. Хагас хамгаалалт ч мөн сайн байгаа, 2010 он ДАШТ-ын жил учраас шигшээдээ байр сууриа баттай эзлээгүй л байгаа авьяаслаг залуус Ж.Женас, А.Леннон, Д.Бентли, Т.Хаддлстоун нар үнэхээр эрчтэй, формтой тоглолтыг харуулан, шигшээд багтахын төлөө зүтгэж байгаа нь багийн амжилтанд нөлөөлж байна. Эдэн дундаас баруун жигүүрт хурдтай, үзүүштэй тоглолтоороо гайхагдаж байгаа А.Ленноныг онцольё. Хамгаалалтын хувьд тэдэнд жаахан асуудал бий. Зөндөө бөмбөг оруулдаг ч тэр чинээгээрээ бараг алддаг “хачин” уламжлалаа овоо засаад байх шиг. К.Кудичини, Гомеш нарыг хэн ч муу хаалгач гэхгүй. Дээрээс нь бүх тоглолтонд гоол алдаж байгаа хэдий ч хожил авсаар л байна. Гэхдээ гол хамгаалагчид Ж.Вүүдгэйт, Г.Бэйл нарын эзгүйд ийм амжилттай байгаа болохоор Х.Реднаппын багт ирээдүй байгаа мэт санагдаж байна. Л.Модрич нь ид үедээ гэмтэл авсан ч наймааны цонх хаагдахтай зэрэгцэн өөр нэг авьяаслаг залуу Н.Краньчарыг авсан нь тун ухаалаг наймаа болсныг энд онцолъё. Тэд Ливерпүүлийг буулгаж авсан, тэгвэл 9 сарын 12-нд Манчестер Юнайтедтай хэрхэхийг нь харцгаая.
3. Манчестер Юнайтед
К.Роналду явсан ч Сир Фергюсоны “улаан чөтгөрүүд” жигдхэн тоглолтоо үзүүлсээр. Багийн лидерийн үүргийг хүлээн авсан У.Руни ч гайхалтай тоглолтыг харуулсаар байна. Мэдээж 4 дэх жилдээ цомыг Олд Траффордод хадгалан шинэ рекорд тогтоох нь хэцүү ч энэ тэдний хувьд боломжгүй асуудал биш нь тодорхой. Шинэ цэргүүд болох Барнлид хожигдож гайхуулсныг эс тооцвол тактикийн нягт хамгаалалт, ширүүн жигүүрийн довтолгоотой МанЮ-ын залуус муугүй тулалдаж байна. Гарааны бүрэлдэхүүний дундаж нас нь 25,4 байгаа нь Челсигийнхээс даруй 4 жилээр бага байгаа гэвэл та итгэх үү? М.Кэррик, Д.Флечер нарын найдвартай, тогтмол тоглолт, Нани болон Валенсигийн хурд зэрэг нь тэдэнд хожил авчирсаар байна. Гэсэн ч хамгийн чухал зүйл нь хамгаалалт байна. Э.Ван дер Сарыг орлон олон жил багтаа үнэнч байж, өөр багуудаар зээлэгдсээр эргэн ирсэн залуу хаалгач Б.Фостер муугүй тоглолт үзүүлж байна. Р.Фердинанд, Н.Видич, П.Эвра нараас гадна академийн бүтээгдэхүүн У. Браун, Ж.Эванс, Ж.Оши нарын жигд найдвартай тоглолтын ачаар ердөө 2 гоол л хаалгандаа алджээ. Арсеналыг бараг азаар шахуу хожсон гэгдэж байгаа ч тэдний хэрхэн Уиганыг “залгиж” байгааг харсан бол ямар их нөөц байгааг тэндээс харсан гэж найдъя. Бид одоохондоо М.Оуэний хэрхэн галзуурахыг, О.Харгривзын гэмтлээс эргэн ирэхийг хараагүй л байгаа гэдгийг битгий мартаарай!!!.
4. Манчестер Сити
Манчестер Сити энэ зуны наймааны цонхоор 124 сая фунтыг зөвхөн тоглогч худалдан авахад зарцуулсан нь үрсэн мөнгөөрөө тэдний ард орсон Ливерпүүлээс 3 дахин их, хамгийн сүүлд орсон Болтоноос 20 дахин их хэмжээний мөнгө юм. Үнэхээр ч тэр хэмжээгээрээ Сити урд өмнө хэзээ ч байгаагүйгээрээ хүчирхэг болоод байна. Абу Даби Групп тэднийг худалдаж авснаас хойш мөнгө тэдэнд юу ч биш болсон мэт санагдуулам наймааг тэд хийсээр. Английн шигшээ болон Челсигийн ахлагч Ж.Террид долоо хоногийн сая фунтын цалин амласнаар энэ бүхнийг төсөөл. Хэдийгээр найдвартай тоглолттой хэдий ч супер од худалдаж авч болох 24 сая фунтээр Ж.Лескотт үнэлэгдэнэ гэдэг хачирхалтай биш гэж үү. Тэд энэ жилийн наймааны цонхоор “ганцаардсан” од Робиньод зориулан хагас хамгаалалтандаа Виллагийн хөдөлгүүр асан Г.Бэрриг нэмэн, Арсеналын гоолын машин Э.Адебайорыг болон К.Тевез, Р.Санта Круз гэсэн шилдэг довтлогчдыг өөрийн болгосон билээ. Хамгаалалтаа хэтэрхий задгай орхиж байна гэж удаа дараа шүүмжлэлийн бай болсон М.Хьюз тэдний амыг К.Туре, Ж.Лескотт болон Сильвиньо нарыг авчран тагласан. Дээрээс нь багийн залуус болох С.Айрланд, М.Жонсон, Н.Онуохо, М.Ричардс зэрэг шижигнэсэн тоглогчид энэ багийн хүснэгтийн 4-р байрт бичигдэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа нь тодорхой. Гэхдээ Челситэй мөн адил тэд хүчтэй өрсөлдөгчидтэй хараахан тоглож амжаагүй л байна, харин ойрын хуваарьт тэднийг Арсенал, Манчестер Юнайтед болон Астон Вилла зэрэг багууд хүлээж байгаа. Үнэндээ байрлал бүрдээ маш сайн сэлгээтэй хүчирхэг баг бүрдсэн тэднийг тийм ч туршлагтай мөн нэр алдартай биш М.Хьюз хэрхэн удирдан, зохицуулахыг харах л бидэнд дутуу байх шиг. Аваргуудын Лигт оролцох том зорилготой тус багийн амжилтанд дээр нэр дурьдсан тоглогчдын хэр формтой, гэмтлээс холуур байх зэрэг нь нөлөөлөх нь тодорхой юм. Саяхан Ренн баг тэднийг ФИФА-ын наймааны дүрэм зөрчсөн хэмээн гомдоллосон хэрэг “шавар хаачихгүй” бол тэд 1 сарын наймаагаар ч улам хүчирхэг болох биз. Хэрхэхийг нь тааварлахад дэндүү эрт байгаа ч одоогийн эхлэл тэдэнд мөрөөдлийн мэт байгаа нь гарцаагүй. Хамгийн сүүлд 1976 онд Лигийн цом хүртснээс хойш одоог хүртэл ямар ч цом аваагүй байгаа нь энэ жилээр эцэс болж чадах болов уу?


ОНЦЛОХ ТОГЛОГЧИД
Хаалгач
Т.Соренсен
Соренсеныг хэн ч муу хаалгач гэхгүй. Бүр топ багуудын хаалгач хийгээд явж байхад ч гайхаад байх юмгүй. Тэр яг одоо яаж хасагдчихгүйхэн шиг улирлаа дуусгах вэ гэхэд буруудахгүй Стоук Сити багийг жагсаалтын эхний 5д ороход хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байна. Түүний найдвартай хаалтууд, ухаалаг тоглолт, хамгийн гол нь нөр их туршлага энэ жагсаалтанд түүнийг зүй ёсоор бичигдэхэд хүргэж байна. Стоук Ливерпүүлд 4:0-ээр хожигдсныг эс тооцвол үлдсэн 3 тоглолтонд нэг ч гоол алдаагүй юм.


Хамгаалагч
Глен Жонсон
Зөвхөн Ливерпүүлийн төдийгүй нийт Премьер лигт явагдсан хамгийн сайн наймааны эзэн Глен Жонсон энэ улирлыг гайхалтай эхлүүлж байна. Хамгаалагч гэхэд 2 ч гоол хийж хэд хэдэн чухал бөмбөгөнд хувь нэмрээ оруулсан тэрээр яг одоогоор Английн шигшээгийн баруун жигүүрийн хамгаалалтын эхний сонголт байх болов уу. Хурдтай, идэвхтэй, хараатай тоглодог энэ залууг Челси явуулсандаа харамсаж байгаа гэдэгтэй мөрийцсөн ч бэлхэн байна.



Хагас хамгаалагч
Аарон Леннон

Тоттенхэмын 4 хожил дараалан аваад буй нь тэдний баруун жигүүрийн хагас хамгаалагч А.Леннонтой салшгүй холбоотой. 4 тоглолтонд 2 оновчтой дамжуулалт, 2 гоол. Түүний хурд болон ур чадвартай довтлогооноос ямар ч сайн хамгаалагч айх нь гарцаагүй болтлоо тэр сайжирчээ. Д.Бекхэм хүртэл түүнийг ихэд үнэлснээс хойш Бексийн залгамжлагч хэмээн сонин хэвлэлээр шуугиж байна. Хэрвээ Леннон энэ формоо хадгалж, хамгийн гол нь гэмтэл бэртлээс хол байж чадвал Өмнөд Африкт гялалзах оддын нэг нь болох биз ээ...





Довтлогч
У.Руни
Улаан чөтгөрүүдийг энэ жилдээ лав ганцаараа шахуу нуруундаа авч явах учиртай хүн бол яах аргагүй У.Руни юм. К.Роналдугүй МанЮ-г хэрхэх бол гэсэн хүн бүрийн асуултанд “өө гайгүй юм байнадаа” гэдэг хариулт авахад хүргэмээр тоглолтыг тэр үзүүлж байна. 4 тоглолтонд 4 гоол оруулсан, ялангуяа гол өрсөлдөгчдийн нэг Арсеналын эсрэг гоол хийсэн. Өөр дээр нь хийсэн алдаагаар торгуулийн цохилт цохин, улмаар баг нь тун чухал ялалт авсан билээ. Яах аргагүй энэ жил гялалзах “ёстой” тоглогч. Ф.Капеллогийн хэлсэн үгийг санацгаа. “У.Руни ийм формтой байгаа цагт бид хэнд ч дийлдэхгүй”.

10 comments:

  1. Saihan niitlel boljee. Gehdee ih bolohoor bugdiig ni unshij chadsangui etr.

    ReplyDelete
  2. saihan niitlel bna, TV uzsen umshig l bolloo thanks

    ReplyDelete
  3. Nice. Sonirxoltoi bna shuu. www.REKLAM.mn

    ReplyDelete
  4. за үнэхээр сайхан нийтлэл болжээ, олон тоглолт үзээгүй ч бүх тоглолтыг үзчихсэн юм шиг санагдчихлаа,за бичээд байгаарай хө

    ReplyDelete
  5. Таалагдлаа гоё болжээ, би ленноны оронд ситигийн барриг онцлоосой гэж бодож байна , сити 4 тоглолт гоол алдаагүй нь энэ тоглогчтой л холбоотой , жонсон эдгээд ирвэл ч тус болох л тоглогч доо, premierleague preview 10 гээл сити нэгт гээд бичихийг чинь л хүлээж байя даа

    ReplyDelete
  6. Зөндөө мэдээлэлтэй, бас сонирхолтой, гоё нийтлэл болжээ. Сити ч энэ жил сайн байна даа, топ 4ийн дундуур шургалаад, тэр ч бүү хэл түрүүлэх ч магадлалтай юм шиг санагдаж байна.

    ReplyDelete
  7. Чи тойм сайн бичдэг юм байна, чадуул их бичиж байхыг бодоорой, умшиж байя. Хэдэн тойрог тутамд л айн?

    ReplyDelete
  8. Uneheer goy niitlel bna...ene jil CHELSEA avnaa...avah tsag n ch blson..ugasaa...uneheer hudulmur gargasan shan niitlel bna...keep it up!!!!

    ReplyDelete
  9. Сайн дүгнэлт хийжээ.

    ReplyDelete
  10. Сэтгэгдэл бичсэн бүх хүмүүстээ баярлалаа, 5 тойрог тутамд ч юм уу иймэрхүү юм бичээд явах санаа байна хэхэ, урам өгч, нийтлэлийг маань үнэлсэнд дахин баярлалаа...

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.