10/3/09

SportReview: Рио Де Жанейрод 2016 оны олимп зохиогдоно!!!

Дэлхий нийт хэдхэн цагийн өмнө Данийн нийслэл Копенгаген луу анхаарлаа хандуулан, тэндээс гарах түүхэн шийдвэрийг хүлээн, тэвчээртэй ажиглаж байлаа. Чухам тэнд хуралдсан ОУОХ-ны чуулганаар 2016 оны Зуны олимпийн наадмыг зохион байгуулах улсыг тодруулах учиртай байсан юм. Өмнөх шатнуудын сонгон шалгаруулалтаас үлдсэн 4 нэр дэвшигчид болох АНУ-ын Чикаго, Бразилын Рио Де Жанейро, Испаний Мадрид, Японы Токио хотууд энэ өдөр бүтэн баг, ард иргэд, дэмжигчидтэйгээ хамт эцсийн дайралтаа хийхэд бэлэн болсон байв.Данийн нийслэлд болсон ОУОХ-ны 121 дэх удаагийн чуулга уулзалтын хамгийн оргил мөч нь ОУОХ-ны ерөнхийлөгч Ж.Роггегийн олимпийн нийслэлийг тодруулах мөч байлаа. Өмнөх 2 шатны санал хураалтаас Бразилийн Рио Де Жанейро болон Испаний Мадрид хотууд тунан үлдээд байсан юм. Олонх хүний таамаглаж байсанчлан Рио Де Жанейро хүчтэй өрсөлдөгч, финалд үлдэн, цаашлаад эрх авах хамгийн боломжтой нэр дэвшигч байсан бол Мадрид хот хэдийгээр оутсайдер байгаагүй ч энэ хүртэл гарч ирсэнд нь гайхах хүн олон байлаа. Ингээд сэтгэл догдлуулсан мөч ирж, Ж.Рогге "Рио Де Жанейро" хотыг олимпийн нийслэлээр зарласнаар галт бамбар түүхэндээ анх удаа Өмнөд Америкт бадамлахаар боллоо. Санал хураалтын дүнгээр 66:32 буюу хол тасархай саналын зөрүүгээр Бразилчууд ялж Зуны Олимпийн 31-р наадмыг Паралимпийн наадамтай хамт зохион байгуулах эрхийг авсан юм.
2008 оны 6-р сарын 4-нд эхний шатны шалгаруулалт явагдсан гэж хэлж болно. 2007 оны 5-р сараас хойш нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлэн, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсэн 7 нэр дэвшигчээс Азербайжаны Баку, Катарын Доха, Чехийн Прага хотууд хасагдан дээрх 4 улс үлдээд байсан билээ. Өнөөдрийн үйл ажиллагааны гол хэсэг нь багуудын танилцуулга байсан. Хэр үнэмшилтэй, хэр сэтгэл хөдөлгөсөн, хамгийн гол нь яагаад Олимпийн наадмыг энд зохиох ёстой вэ гэдгийг товч бөгөөд тодорхойгоор гэхдээ уран чадварлагаар илтгэсэн баг ялалт байгуулах боломж нэмэгддэг билээ. Мөн олимпийн хорооноос гаргасан тусгай зөвлөлөөс хотуудаар зочлон, бэлтгэл ажилтай танилцан, барилга байгууламж, туршлага, нийтийн тээвэр, орчин, санхүүжилт зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр үнэлэлт өгдөг бөгөөд энэхүү үзүүлэлтээр Токио /8,3/ тэргүүлэн, Мадрид /8,1/ удаалж, Чикаго /7,0/, Рио Де Жанейро /6,4/ нар сүүл мушгиж байсныг тэмдэглэсэн нь зүйтэй болов уу.

1-р шат: ЧИКАГО - 2016
Хамгийн эхний танилцуулгыг АНУ-ын баг хийсэн. Ерөнхийлөгч Б.Обама болон тэргүүн хадагтай М.Обама нар өөрсдийн төрөлх хотоо дэмжин үгээ хэлж, О.Уинфри болон М.Фелфс нарын алдартнууд болон улс төр, бизнесийн маш хүчтэй фонтой тус багийг энэ удаа ялагчаар тодрох хамгийн өндөр боломжтой хэмээн шинжээчид үзэж байсан билээ. Чикаго хот өмнө нь 1904 оны Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авч байсан ч Сент Луйс хотод зохиогдож байсан Дэлхийн Үзэсгэлэнтэй зэрэгцүүлэн зохиохоор шийдэн Чикаго хоосон хоцорч байлаа. Харин АНУ-ын хувьд хамгийн сүүлд Атлантын олимпийг 1996 онд зохион байгуулсан юм.
Чикагогийн хамгийн давуу тал нь спортыг дэмждэг, аятай нөхцөл нь байсан. Мэргэжлийн спортын бүх төрлүүд буюу NBA, NHL, NFL, MLS, MLB гээд бүх багууд байдаг цөөхөн хотуудын нэг. Дээрээс нь хотын нийтийн тээврийн үйлчилгээ болон санал болгож байгаа хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ бусдаас илүү байлаа. Мөн ОУОХ-ны хувьд телевизийн эрхийг зарахтай холбогдуулан гарах ашиг АНУ-д зохион байгуулвал бусад хотуудаас илүү гарах судалгаа ч байсан.
Чикагогийн унаган иргэн АНУ-ын ерөнхийлөгч Б.Обамагийн хийсэн илтгэл уул нь гайхалтай байсан, яаж ярьдаг гэдгийг, яаж ятгадаг гэдгийг яруу тодоор харуулсан ч эрхэм ерөнхийлөгч маань тэргүүн хадагтайн хувьд Копенгагенд 5хан цаг саатах хуваарьтай байсныхаа гайгаар санал хураалтын дүн гарахаас өмнөхөн хурлын танхимыг орхин уур амьсгалыг тэр чигт нь эргүүлж орхилоо. Нэгэн гишүүний хэлснээр "энэ бүхэн биднийг үл хүндэтгэсэн сэтгэгдлийг төрүүлсэн" бололтой.
Эхний шалгаруулалт Чикагийн хувьд, Б.Обамагийн хувьд үнэхээр ичгүүртэй ялагдал байлаа. Ялагдсан ч эхний шатанд, хамгийн бага саналтай ялагдаж хамгийн төсөөлөөгүй үр дүнг ОУОХ-ны гишүүд гаргав. Эхний шатнаас хасагдсан нэр дэвшигч: Чикаго.
1-р шатны санал хураалтын дүн:
Мадрид: 28 санал
Рио Де Жанейро: 26 санал
Токио: 22 санал
Чикаго: 18 санал


2-р шат: Токио - 2016
2006 оны 8-р сард Японы Олимпийн Хорооны шийдвэрээр Фукуоко хотоос Токиог илүүд үзэн Олимпийн наадмын төлөө нэр дэвшүүлэхээр болсон. 1964 оны Зуны олимпийн наадмыг зохион байгуулж байсан учраас тэдэнд шинээр 2-хон цэнгэлдэхийг барин, бусдыг нь сэргээн засварлах байдлаар барих төсөл байсан учраас бараг хамгийн найдвартай газар нь болоод байлаа. Дээрээс нь иргэдийн зүгээс дэмжлэг тун өндөртэй төдийгүй 4 тэрбум долларын санхүүжилтийн асуудал шийдэгдсэн, хамгийн гол санаа зовоож байсан ногоон байгууламжийн асуудлыг ч шийдвэрлэх арга олсон тухайгаа мэдэгдээд байсан юм.
Японы шинэхэн ерөнхий сайд, ажлаа аваад 2хон долоо хонож байгаа Юкиёо Хатояамагаар удирдуулсан багийнхны танилцуулга Чикагийн дараа болсон. Харамсалтай нь тэдний багийнхан "Япончууд дуулах дуртай, та тэнд очоод хүссэнээрээ Караокэдэж болно", "Номхон далай Олимпийг хүсч байна" зэргээр хэтэрхий сэтгэлийн хөөрөлтэй, чанга дуугаар төгсгөсөн илтгэлүүд, дээрээс нь тийм ч сайн биш дуудлагатай англи болон франц хэлнийхээ гайгаар, хамгийн гол нь дөнгөж өнгөрсөн жил л Азид, Бээжинд олимп зохиогдоод байсан учраас олонхийн саналыг авч дөнгөсөнгүй, 2-р шатнаас хасагдлаа.
2-р шатны санал хураалтын дүн:
Токио: 20 санал
Рио Де Жанейро: 46 санал
Мадрид: 29 санал


Сүүлийн шат: Мадрид - 2016
2012 оны Олимпийн наадмын эрхийн төлөө Лондонд ялагдсан тэр өдрөө л хотын дарга нь дараагийн наадмын төлөө өрсөлдөнө гэдгээ зарласан, тэр ч ёсоороо албан ёсоор өрсөлдөх эрхээ авсан. Өмнөх шалгаруулалтын үеэр ажиллаж байсан учраас барилга байгууламжийн асуудал болон санхүүжилтийн тал дээр санаа зовох зүйл бага байлаа. Харин хамгийн давуу тал нь хотын иргэдийн дэмжлэг байсан бөгөөд нийт иргэдийн 85 хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлэн, 60 хувь нь ялна гэдэгт нь итгэлтэй байгаагаа мэдэгдсэн нь нэр дэвшигчдээс хамгийн өндөр дэмжлэгтэй хотод тооцоход хүргэж байсан юм.
ОУОХ-ны ерөнхийлөгчөөр 21 жил ажилласан, спортын ертөнцийн хамгийн нэр хүндтэй эрхэмүүдийн нэг Х.А.Самаранч, түүний хүү бага Самаранч болон Испаний эзэн хаан, ерөнхийлөгчдөөс авахуулаад эзэн хааны багийн ахлагч Рауль тэргүүтэй тус багийнхныг 2-р шатыг даваад гараад ирэхэд гайхах хүн олон байлаа.
Үүнд Х.А.Самаранчийн хэлсэн үг шууд нөлөөлсөн нь тодорхой. Тэрээр илтгэлдээ "Би өөрийнхөө цаг ойртож байгааг мэдэж байна. Түүнээсээ өмнө төрсөн нутагт минь Олимпийн наадам явагдах болохыг мэдвэл их л таатай байхсан, үзэхгүй юмаа гэхэд итгэлтэй байхын тулд" гэсэн утгатай үг хэлсэн нь танхимын уур амьсгалыг бүрэн эргүүлэх шиг болсон юм.
Гэсэн ч Мадридчууд финалын шалгаруулалтанд Рио Де Жанейрод бут ниргүүлэн хасагдлаа. Ер нь ч түүх тэдний талд байсан гэж хэлж болно, 48 онд Лондонд 52 онд Хельсинкд олимп зохиогдсноос хойш 2 олимп дараалан нэг тивд Олимп зохиогдоогүй, 2012 онд зуны олимп Лондонд, 2014 оны өвлийн олимп Сочид зохиогдох учраас магадлал тун бага байлаа. Магадгүй 2020 он тэдний хувьд зөв сонголт байж болох, Мадридчууд тун сайн ажиллалаа.
Эцсийн санал асуулгын дүн:
Мадрид: 32 санал
Рио Де Жанейро: 66 санал


2016 оны Олимпийн нийслэл: Рио Де Жанейро
Бразилчууд 2014 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ыг зохион байгуулах бол 2016 онд нь Зуны олимпийн наадмыг хийхээр болж байна. Өмнө нь 4 ч удаа /1936,1940,2004,2012/ нэр дэвшээд ялагдаж байсан тэд энэ удаа маш хүчтэй өрсөлдөгч байлаа. Бразилчуудын эдийн засгийн өсөлт, санхүүжилтын баталгаатай байдал болон төрийн дэмжлэг энд хамгийн чухал нөлөөтэй байлаа. Дээрээс нь өөрсдийн илтгэлийн үеэр Ази, Европ, Хойд Америк л ээлжлэн зохион байгуулдаг нь шударга бус байна гэсэн утгатай хэлсэн үг нь тэдний энэхүү амжилтын үндэс болсон гэдэгт эргэлзэх хэрэггүй. Мэдээж дэлхий нийт шинэ зүйлийг, шинэ орчныг, шинэ ард түмнийг, шинэ наадмыг хүлээж байсан, тэр сонголтонд хамгийн тохирсон хот нь яах аргагүй Рио Де Жанейро байлаа. Хөлбөмбөгийн домог Пеле нулимсаа барьж чадалгүй уйлж, Рио Де Жанейрогийн наран шаралгын газар цугларсан олон нийт баярлалдан хөгжилдөн, үндэсний бүжгээ хийн, яг одоо Бразилчууд баяр хөөрийн байдалтай байгаа нь гарцаагүй юм.
2016 онд 8-р сарын 5-аас 21-ны өдөр дэлхийн энх тайвны бэлэг тэмдэг болсон, спортынхны хамгийн оргил мөч олимпийн наадмаар Рио Де Жанейрод уулзацгаая, Бразилын дэвжээ Монголчуудад ээлтэй байх болтугай. Монголд маань олимп зохиогдох цаг удахгүй ирнээ гэж найдъя.

8 comments:

  1. Oh.tnx. Eniig chini medeegui l yavj bailaa shde.

    ReplyDelete
  2. Уул нь Чикагод л болох байх гэж бодож байсан чинь, Бразилчууд ч азтай юмаа, Дэлхийн аварга, Олимп 2ийг дараалж аваад

    ReplyDelete
  3. дараа нь Японд болно нтр гэж их итгэлтэй япончууд хэлж байна лээ
    за Хөл бөмбөгийн эх оронтой танилцах нь ээ ашгүй

    ReplyDelete
  4. Их л хол болох нь дээ , цагийн зөрүү нтр гай болно доо хэхэ
    зөв сонголт л юм байлгү дээ

    ReplyDelete
  5. харин тх. хол болох нь. хаха

    ReplyDelete
  6. самаранч өвөө , 2020-Мадрид гэж харах болтугай,,,

    ReplyDelete
  7. oird yu hjiindaa, nree goy yum bichkuumuu? huuhdee...neg tm saihan amisgalaad yavah uram hairlasan ntr hehe :)

    ReplyDelete
  8. @evans дээдэх Цахлайн тухай уншаад үзээрэй хэхэ...@Tsengel харин тиймээ, би Мадридыг дэмжинээ, хоншоор байвал очиж үзнэ...@Yaruu өө эд нар мэдэж байгаа байлгүйдээ, гэхдээ манайханд цагийн зөрүү нөлөөлөх л байх...@Enkh харин тиймээ, үзэх нь үзэх нь...@Byambaa их азтай байнаа, чадалтай ч байна...@Ulzii зүгээрдээ хө...

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.