8/8/10

Сошиал Медиа ба Спорт


Спорт бол хүн төрөлхтнийг хамгийн “аймшигтайгаар” байлдан дагуулсан, өөртөө татаж чадсан зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Спортоор хичээллэдэггүй юм аа гэхэд спорт сонирхдоггүй, спорт үздэггүй хүн тун цөөхөн, маш бага байдаг. Спорт хүмүүсийг хар тамхи мэт өөртөө татаж, донтуулж, түүнээс бол хүмүүс амиа хорлож, найз нөхөдтэйгөө муудалцаж, гуниж гутарч, харамсаж харуусаж, эсрэгээрээ баярлаж, догдолж, дэвхцэн үсэрч, сэтгэл ханамжийг мэдэрдэг. Хөлбөмбөг ч бай сумо ч бай, шатар ч бай карате ч бай, бүгдэд нь тийм хүч бий.

Тэгвэл өнөөдрийн мэдээллийн эрин зуунд спортоор дамжуулан хэрхэн ашиг олох вэ гэдэг нь ямар ч маркетингийн мэргэжилтнүүдийн өмнө зайлшгүй тавигдах ёстой асуудал болоод байна. Хэдийгээр Монголд тийм ч сайн хөгжөөгүй байгаа ч гэсэн өндөр хөгжилтэй орнуудад энэ асуудал маш сайн хөгжиж, хэрэглэгчдийг татан, үргэлж шинэлэг байж, тэр хэрээрээ хөгжин, ашиг орлогыг олсоор байна.

Бид гадны тамирчдыг ямар их орлого олдог гэдгийг нь сонсоод гайхан бахдаж, атаархан шүүрс алдан ярих дуртай. Тэгж ярьдаг олон хүнийг бид сонссон. Мэргэжлийн спорт буюу зөвхөн тухайн спортыг төгс утгаар нь өөртөө хөгжүүлж, үзэгчдийг баясгаж, хөөргөж, нэгтгэж байгаа тамирчид тийм шагнал хүртэх нь ч аргагүй юм. Зөвхөн Хөлбөмбөгөөр жишээ татаад үзье. Криштиану Роналду хэмээх нэгэн залуугийн төлөө Реал Мадрид хэмээх клуб 132 сая долларыг /!!!/ төлөн багтаа авчирч, бусад өөр 4, 5хан тоглогчийн төлөө 200 орчим сая еврог зарлагдсан нь саяхан. Үүнд бид тэдний авах цалинг тооцсонгүй. Хөлбөмбөгт цалинг долоо хоногоор тооцдог. Долоо хоногийн 100,000-150,000 еврогийн цалин авах нь дундаж хөлбөмбөгчдөд байдаг цалин. /гэхдээ энд тэднээс авдаг “гайхалтай” өндөр татварыг дурьдсангүй/ Тэгвэл тэд толгойдоо “юмтай” л биш юм бол ашиггүй зүйлд хөрөнгө оруулахгүй нь тодорхой тийм үү?

Реал Мадрид клуб К.Роналдуг багтаа авчирснаас 6н сарын дараа гэхэд зөвхөн Мадрид хотноо түүний нэр, дугаар бүхий өмсгөл 1 саяыг борлуулан, 100-аас илүү сая еврогийн ашиг олжээ. Тэдний тоглолтын тасалбарын борлуулалт урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр өндөр хувьтайгаар гарсан буюу Хойд Америк, Азид маш ашигтай аялан тоглолт хийх санал тавигдсан гэнэ. Мэдээж тэд зүгээр сууж байгаад мөнгө олохгүй. “Саяыг хаяж, тэрбумыг ол” гэдэгтэй адилаар тэд асар том маркетингийг зах зээлд хийж, тэр хэрээрээ ийн ашиг олсоор байна. Хэдийгээр тэд өнгөрсөн жил ямар нэгэн цом хүртээгүй ч өнгөрсөн жил олсон ашиг орлогоороо бүх төрлийн спортын багууд дундаа эхний 10-т жагсаж байлаа.

Орчин үеийн маркетингийн хандлага хэрэглэгчид рүү чиглэж байгаа буюу тэдний хамгийн ихээр хошууран орж буй сошиал медиад анхаарч байгаатай адилаар спортын маркетингийн бодлого ч гэсэн сошиал медиатай шууд холбогдсоор удлаа. Бүх клубүүд өөрсдийн албан ёсны сайтуудтай болж, түүн дээрх сонирхолтой уралдаанууд болон контендуудаараа өөрсдийн фенүүдийн бүлэг үүсгэж, олон нийттэй харилцах мэдээллийн хэрэгслүүдийн хамгийн том төлөөлөгчид болох Фэйсбүүк, Твиттерд аль хэдийн нэгдэж, мэдээллээ хүргэн, шинэ шинэ фенүүдтэй болон хүрээгээ улам өргөжүүлсээр байна. Тэгвэл одоо хамтдаа сошиал медиагийн спортын клубүүдэд үзүүлэх хамгийн гол 3 нөлөөллийн талаар та бүхэнд хүргэе.

1. Шинэ фенүүдийг татах

Сошиал медиа ертөнцөд, ялангуяа олон нийттэй харилцах мэдээллийн сайтуудаар дамжуулан та одоохондоо ямар нэг багийг дэмжиж эхлээгүй байгаа шинэ хэрэглэгчдийг өөртөө татах боломжтой. Ямар ч клубын, ямар ч спортын цаашид оршин тогтнох гол суурь үндэс нь хөгжөөн дэмжигчид байдаг. Тэд байхгүй бол ашиг байхгүй, ашиг байхгүй бол баг байхгүй. Та фэйсбүүкээр эсвэл твиттерээр дамжуулан тэдэнтэй яриа өрнүүлэн, мэдэхийг хүссэн асуултанд хариулан, яагаад энэ багийг дэмжих хэрэгтэй гэж, энэ багийн нэгэн хэсэг болсноор ямар давуу талтай болохыг мэдрүүлж чадвал тэд гарцаагүй таны багийн дэмжигч болох болно.

Хойд Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн Лос Анжелес Лэйкэрс клуб зөвхөн твиттерд 1,6 сая дагагчтай буюу зөвхөн энэ багийн cheerleaders, наймаа, цуурхал зэргийг жиргэдэг 10 орчим аккоунттай. Хэрвээ та тэдний твиттер хуудас руу орох юм бол хэрхэн хэрэглэгчидтэй яриа өрнүүлж чадаж байгааг харж болно. Гэтэл тэдний гол өрсөлдөгч Бостон Селтикс тэднээс 2 дахин бага жиргэж /2 дахин бага яриа өрнүүлж/, 65 мянган л дагагчтай /25 дахин бага дагагч/ байна. Сошиал медиа бол шинэ хэрэглэгчдийг татах, бидний энэ нөхцөлд шинэ фенүүдийг өөртөө авчрах гол хэрэгслүүдийн нэг юм.

2. Хуучин хэрэглэгчдээ хадгалах

Мэдээж ямар ч бизнесийн бас нэг гол анхаарах ёстой зүйл бол хуучин хэрэглэгчдээ хадгалж үлдэх. Шинэ шинэ, шинэ гээд улайраад гүйчихэлгүй өмнөх фенүүдээ улам үнэнч байлгаж, хайртай болгох хэрэгтэй. Чухам тэдний ухуулгаар маш олон найз нөхөд нь түүний багийг дэмждэг болдог гэдэгтэй санал нийлэхгүй гэж үү. Найз залуу чинь Германыг үхтлээ магтаад, ямар сайныг нь гайхуулахад хөлбөмбөг сонирхдоггүй ч найз охин нь тэр багийн фен болохгүй гэж үү. Word of mouth гэдэг чинь энэ биш гэж үү. Тэгвэл тэднийг яаж багтаа тийм хайртай болгох вэ?

Одоогийн жишгийг харвал фенүүддээ багууд маш олон боломжийг олгодог. Английн Челси клубыг жишээ болгон авч үзье. Тэд сайтад нь бүртгүүлсэн фенүүддээ долоо хоног болгон үнэгүй маш сайн чанарын дэлгэцийн зураг татаж авахыг санал болгож, дэлгүүрээр нь үйлчлүүлэх хямдралын эрхийг бэлэглэдэг. Тэдэнд багтайгаа хамт нэг өдөр бэлтгэл хийх боломж бүхий тоглоом санал болгож, бусад фенүүдтэйгээ ярилцах, мэтгэлцэх боломж олгосон коммьюнитиг үүсгэдэг. Тэдгээрийг чухамхүү сошиал медиа хэрэгслүүдийн тусламжтайгаар бүтээдэг. Тэдэнд зориулан өдөрлөг зохион байгуулж, бүр тэдэнтэй тоглодог гээч.

Германы хөлбөмбөгийн дээд 2 лигт тоглодог 36 багийн 80 хувь нь фенүүдийнхээ эзэмшилд байдаг гэвэл итгэх үү? Хариуд нь Бунделсиг Европын хамгийн олон үзэгчтэй, хамгийн их хүн тв-ээр үздэг, хамгийн их ашиг олдог лиг болсон юм. Байерн Мюнхен клуб зун болгон сайтаараа дамжуулан хамгийн олон хүн элссэн дүүргийн фен клубтэй нөхөрөг тоглолт хийдэг. Фен клубт элсэгчдийн 70 хувь нь сайтаар дамжуулан элсдэг. Сошиал медиагийн тусламжтайгаар бид хэрэглэгчдээ өөртөө үнэнч болгож, хайртай-дуртай болгох хамгийн боломжтой.

3. Фенүүд тань таны хамгийн сайн үйлчлүүлэгч байх болно.

Ямар ч баг зөвхөн амжилт гаргаад ашиг олоод байдаггүй. Тэдэнд тэр амжилтаа үргэлжлүүлэхэд шаардлагатай тоглогчид, дасгалжуулагчид, орчин нөхцөл бүрдүүлэхэд илүү их мөнгө хэрэгтэй. Харин мөнгийг авчрах гол зүйл нь юу вэ?

Энэ бол өмсгөл болон хэрэгслүүд. Өмсгөлөөс гадна бусад хэрэгслүүд. Нэгэнт фен болчихсон, танай баггүйгээр амьдрал нь байхгүй гэж үздэг, эсвэл өөрийгөө бусдад энэ багийн фен юм шүү гэдгээ харуулахыг хүссэн, багаараа бахархдаг хэн бүхэн багтайгаа холбоотой зүйлсийг авахыг хүсдэг. Жинхэнэ фенүүдийн аяган дээр нь, дэрэн дээр нь, бүр оймсон дээр нь хүртэл багийнх нь лого байдаг. Та тэдгээр зүйлсийг сошиал медиагаар дамжуулан худалдах, хүргэх үйлчилгээ үзүүлэх, хямдрал урамшууллын боломж олгох зэргээр ажиллаж чадвал төсөөлөмгүй их ашгийг олж чадна. Бидний өмнө дурьдсанчлан Лос Анжелес Лэйкэрсийн өмсгөл болон бусад зүйлс NBA.com сайтаар дамжуулан хамгийн их зарагдсан жагсаалтыг тэргүүлдэг. Энэ танд нэг юм хэлэхгүй байна гэж үү.

Тасалбар ч гэсэн үүнтэй адилхан. Та дурын NBA, NHL, MLB-ийн багийн сайт руу яг одоо ор. Нүүр хуудасны өмнө интро буюу танилцууга хэсэгт яг одоо онлайнаар тасалбар захиалбал ийм урамшуулалттай, тийм хөнгөлөлттэй гээд санал болгосон зүйлсийг харах болно. Хэн ч тасалбар борлуулах цэг рүү гүйснээс гэрээсээ нетээр дамжуулаад захиалчихыг илүүд үзнэ. Хэрвээ та тийм зүйл хөгжөөгүй харь нутгаас ирчихээгүй бол шүү дээ :) Үзэгчгүй багийн тоглолтыг тв-ээр дамжуулах гэж мөнгө төлөхгүй, үзэх гэж ч мөнгө төлөхгүй, үзэгчгүй багийг аялан тоглолтоор урихгүй, тэднийг хэн ч тоохгүй. Аль болох олон хүнд өөрийн багийн логотой зүйлсийг тараа, тэр хэрээр нь хүмүүс түүнийг авах гэж улайрах болно. Түүнд хүрэх хамгийн сайн арга зам бол сошиал медиа.

Хүн хүнтэйгээ харилцахыг илүүд үздэг. Дэмждэг багийн чинь мэдээллийг зөвхөн чамд тэр багийн хэн нэгэн хүргэнэ гэхээр сайхан санагдахгүй байна уу. Таны асуусан асуултанд, мэдэхийг хүссэн зүйлд тань хариулж байна гээд төсөөл дөө. Барселонагийн фен багтаа хандаад тоглолтынх нь үеэр “энэ Месси өнөөдөр ямар сайн байна вэ” гээд бичихэд өөдөөс тань Барселонагийн логотой 1 сая хүн дагасан хэрэглэгчээс “тэгэлгүй яахав тэр хамгийн шилдэг нь шүү дээ” гээд хариу ирж байна гээд төсөөлдөө. Гайхалтай. Энэ л сошиал медиагийн амжилтын нууц.

Та Монголд энэ байдал ямар байгаа талаар нэг бодоод үзээрэй. Тэгээд хөгжилтэй нь, хүрээтэй нь харьцуулан бодоход ч илүүдэхгүй. Энэ тухай дараа жичдээ ярилцах болно. Энд хүрээд өнөөдөртөө өндөрлөе. Сошиал медиа маркетингийг хэрхэн спортод хэрэглэх тухай, хэрэглэж байгаа тухай, хэрэглэвэл зохих тухай та бүхэнд үргэлж хүргэж байх болно.

2 comments:

  1. Сайн уу блогспотчиддоо зориулан blogchid.com шинээр нээгдлээ. Блогчидын тэмцээнд оролцож ялагч болох боломжтой.

    ReplyDelete
  2. tiimee en ch vnen shvv te

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.