8/14/09

SoccerReview: Audi Cup-2009

2009 оны 7-р сарын 29. Дэлхийн автомашин үйлдвэрлэлийн томоохон нүүр царайнуудын нэг АУДИ корпораци байгуулагдсны 100 жилийн ойн нэрэмжит хөлбөмбөгийн АУДИ КАП-2009 тэмцээнд оролцохоор Английн Премьер Лигийн аварга Манчестер Юнайтед, Аргентин төдийгүй Өмнөд Америкийн хөлбөмбөгийн хамгийн цуут багуудын нэг Бока Жуниорс, Италийн Серие А-ын лидерүүдийн нэг АС Милан багууд Германы Бундеслигийн мөнхийн лидер Байерн Мюнхен клубын цэнгэлдэх хүрээлэн болох Аллианз Аренад 69000 хөгжөөн дэмжигчийн өмнө шинэ улирлын өмнөх хамгийн том тоглолтуудаа хийхээр цугларчээ. Тив хоорондын тэмцээний 4 аваргын хооронд болсон энэхүү тэмцээнийг миний бие үзэх завшаан тохиолдож, Аллианз Аренад үзсэн сэтгэгдэл болон товч тойм, дүгнэлтийг та бүхэнд хүргэж байна.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- Тэмцээний өмнө
АУДИ корпораци энэ жилийн эхээр тэмцээний товыг зарлан багуудаа урихдаа дэлхийн хөлбөмбөгийн өнгийг тодорхойлогч 3 шилдэг хөлбөмбөгчид буюу Манчестерийн К.Роналду, Миланы Кака, Байерны Ф.Рибери нарыг нэгэн зэрэг цуглуулан 100 жилийн ойн ажиллагаагаа бэлдсэн ажээ. Харамсалтай нь сүүлийн 2 жилийн ФИФА-ийн оны шилдэг хөлбөмбөгчид болох Кака, Роналду нар Испанийг Реал Мадридын төлөө зорин, Ф.Рибери гэмтлийн улмаас тэмцээнд тоглох боломжгүй болсон юм. Гэсэн ч тэмцээн мэргэжилтнүүд болон хөгжөөн дэмжигчдийн таамаглаж байсанчлан Европын шинэ улирлын өнгийг тоорхойлж болохуйц тулаанууд энд өрнөсөн юм.
Хамгийн сонирхол татаж байсан асуудал бол Какагүй Милан, К.Роналдугүй МанЮ ямар тоглолт үзүүлэх нь байсан ч мөн үүнээс дутахгүйгээр Байерны шинэ дасгалжуулагч "тактикийн мэргэжилтэн" Луй Ван Гаалийн анхны "шалгалтаа" хэрхэн өгөх вэ гэдэг нь анхаарлын төвд байлаа. Өмнөд Америкийн төлөөлөл Бока Хуниорсийн хувьд шинэ улирал болон Либертадоресийн тэмцээний бэлтгэлээ хангах болон тэдний лидер Хуан Рикельме ДАШТ-ий сонгон шалгаруулалтанд амжилт муутай тоглож, одоо бүр шигшээ тэмцээнд оролцож чадах уу гэдэг дээрээ тулсан Аргентины шигшээд үнэхээр хэрэгтэй эсэхийг Европчуудын хувьд шинжих нэг ёсны боломж болох байлаа.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
- Хагас шигшээ тоглолтууд
Тэмцээний сугалааг энэ оны 3 сард Женевийн Мото Шоун дээр 4 багийн төлөөлөл болон Байернаас У.Саньол, МанЮ-ийн У.Броун, Бокагийн гүйцэтгэх захирал К.Бианчи, Миланы Г.Гаттузо нар татаж нээлтийн тоглолтыг Бокачууд ПЛ-ийн аварга Манчестер Юнайтедийн эсрэг хийх болсон бол талбайн эзэд Миланы эсрэг тоглож хэн нь цом булаалдах боломжтой үлдэх вэ гэдгээ шийдэх болсон юм.
Богино хэмжээний нээлтийн үзүүлбэрийн дараа АУДИ корпорацийн ерөнхийлөгч .......... үг хэлэн тэмцээнийг нээсэн. Урьдчилан таамаглаж байсанчлан Манчестер үндсэн бүрэлдэхүүний хэд хэдэн тоглогчоо амраасан ч хүчирхэг хэвээр л байсан бол Бока үндсэн багаа илгээсэн байлаа. Эртнээс өст Аргентин-Английн хамгийн хүчирхэг 2 клубын тоглолт Рикельмегээр удирдуулсан Бокагийн ялимгүй давуу тоглолтоор эхэлсэн ч 23 дахь минутанд Бразилийн залуу хагас хамгаалагч Андерсон хаалганы 90-ийн буланд гайхалтай хаалттай цохилтыг гүйцэтгэн гоол оруулснаар "улаан чөтгөрүүд" тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Удалгүй энэ жил шинээр Уиганаас худалдан авсан, хожмоо К.Роналдугийн үлдээсэн зайг нөхөх учиртай А.Валенси баруун жигүүрээс ухаалаг довтлогоогоороо гоол хийн тооны зөрүүг 2:0 болголоо. 2-р үе эхлээд удалгүй тоглолт нь илт сэргэж, довтлогоо нь эрчимжсэн Аргентинуудын баруун жигүүрийн довтлогоо амжилттай болж Инсуа багийнхаа эхний гоолыг оруулсан ч энэ нь тэдний сүүлчийн амжилт байсан юм. Тэд хэдийгээр бөмбөгийг илүүтэй эрчимжиж, арай идэвхтэй тоглосон хэдий ч үеийн үед найдвартай хамгаалалтаараа гайхагддаг Сир Фергюсоны шавь нар ахиж алдаа гаргасангүй. Бокад сэргэлт арай эрт хэрэгтэй байж, магадгүй 1-р үеийн төгсгөлд үзүүлсэн унтаа тоглолтынхоо оронд...Эцсийн дүн МанЮ 2 - Бока 1.

Манчестер Юнайтед- Бока Хуниорс 2-1 (2-0)
Манчестер Юнайтед Кущчак- Да Сильва (Эвра 77), Кэткарт, Броун (Фердинанд 35), O’ши - Пак (Бербатов 67), Кэррик (Скоулз 77) , Aндерсон (Флечер 77), Валенси (Гиггз 67) - Македа (Нани 67), Рууни

Бока Хуниорс Аббондансьери - Морел, Форлин, Касерес, Сото - Инсуа (Гентан 68), Баттаглиа, Рикельме (Mарино 88), Диаз (Чавез 46) - Палермo (Виатри 82), Нойр (Моуше 46)

Гоолууд: 1-0 Aндерсон (21), 2-0 Валенси (42), 2-1 Инсуа (55)

Энэ тоглолтын дараа 30 минутын завсарлагааны эцэст Аллианз Аренад цугласан жаран мянга хөгжөөн дэмжигчдийг дийлэнхийх нь, мөн миний ч хамгийн хүсэж байсан тоглолт Байерн өөрийн Европын тавцан дахь гол өрсөлдөгчдийн нэг Милантай хийх тоглолт эхэлсэн. Ихээхэн итгэл хүлээлгэж авчирсна голланд мэргэжилтэн болон түүний шинэ болон хуучин цэргүүд энэ өдөр үнэхээр одтой байж Миланы улирлын өмнөх 4 ч тоглолт дараалан ялагдаад байсан цувралыг бут ниргэлтээр 5 болгон нэмсэн юм. Тоглолтын эхний гоолыг сүүлийн үед илт сайжран, үндсэн бүрэлдэхүүнд багтах болоод байгаа залуу довтлогч Т.Мюллер оруулсан бол 2-р үеийн 80 дахь минутанд Б.Швайнштейгер гайхалтай хувийн тоглолтоороо 4 ч Россонериг хууран хөнгөхөн гэгч нь 2 дахь гоолыг хийлээ. уг гоолоос тун удалгүй Милан тийм амархан бууж өгөхгүйгээ харуулан багийн хөдөлгүүрүүдийн нэг А.Пирло нь хаалттай цохилтоос тун хүчтэй бөмбөгийг Х.Буттийн хаалганд зоож хийсэн боловч сэлгээгээр орж ирсэн С.Сене хэний ч танихгүй хэмээх Сенегал залуу багийнхаа 3 дахь бөмбөгийг, эхний гоолын эзэн Т.Мюллер 4 дэх бөмбөгийг хоорондоо ердөө 2хон минутын зайтай хийснээр тоглолтын цэгийг тавьж цэнгэлдэхэд хуран цугласан хөгжөөн дэмжигчдийн цөсийг хөөргөж, оргил цэгт нь хүргэсэн билээ.
Бараг 4хэн бөмбөг алдсан нь аз гэмээр тун муу тоглолтынхоо дараа АС Милан /тэднийг шахуу хуваарийн гайгаар ядралттай байсан гэж зөвтгөх гэж оролдъё/ АУДИ КАП-ын хүрэл медалийн төлөө МанЮ-г чамгүй сандаргасан Бокатай хийх болсон бол Байернчүүд өөрсдийн хамгийн том өрсөлдөгчдийн нэг МанЮ-тай аваргын цомын төлөө тоглох боллоо.

Байерн Мюнхен - АС Милан 4-1 (1-0)
Байерн Мюнхен Бутт - Лам, Ван Буйтен (Демичелис 64), Бадстюбер (Брено 64), Браафхэйд (Швайнштейгер 46) - Алтинтоп (Тимощук 64), Ван Боммель (Oттль 64), Соса (Баумиоанн 64), Праньич - Мюллер, Гомеш (Сене 80)

АС Милан Сторари - Замбротта (Kaлазе 74), Неста (Oнеэвү 64), Tиаго Сильва (Ди Геннаро 74), Фавалли (Оддо 64) - Абате (Антонини 74), Фламинин, Пирло, Янкуловски (Гаттузо 46) - Роналдиньо (Борриелло 46), Пато

Гоолууд: 1-0 Mюллер (12), 2-0 Швайнштейгер (79), 2-1 Пирло (81), 3-1 Сене (89), 4-1 Mюллер (90)

- Финал
Серие А-ын гигант Милан формондоо орохгүй хэвээр л. Тэд Ауди Кап тэмцээний 3-р байрын төлөө тоглолтонд Бокад торгуулийн цохилтоор хожигдсноор ялалт аваагүй тоглолтын тоо 6-д хүрэв. Байернаас хүндхэн хожигдол авсны дараа энэ өдөр гайхалтай тоглолтыг талбайн эхэнд үзүүлсэн. А.Патог энд дурьдая, тэр эхний 10 минутанд төдийгүй тоглолтын турш маш сайн тоглолтыг үзүүлсэн. Эцэст нь 24 дэх минутанд энэ жил шинээр худалдан авсан Бразилийн Тиаго Сильва гоолын салхийг хагалан Милан хошуучилж эхэллээ. Үүний дараа илт сэргэсэн Милан Роналдиньо-Пато нарын хэд хэдэн довтлогооны дараагаар зөрүүг улам нэмэх боломжтой байсан ч хаалгач Р.Аббондансьери энэ өдөр одтой байв. 2-р үеэс Бокагийн дасгалжуулагч А.Базиле тактикийн хэд хэдэн сэлгээ хийн, уйгагүй довтолсны хүчинд 87 дахь минутанд Лукас Виатри залуу хаалгач М.Стораригийн хаалгыг мялааснаар үндсэн цаг 1:1-ээр өндөрлөж, тэмцээний дүрмийн дагуу торгуулийн цохилтоор ялагч тодрох болсон. Ингээд торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад тоглолтын турш сайн тоглолтыг үзүүлсэн Патогийн цохилтыг хашир хаалгач Р.Аббондансьери хааснаар энэ тоглолт өндөрлөсөн юм.
Харин Аваргын төлөө тоглолт Манчестер Юнайтед болон Байерн Мюнхены хооронд өрнөсөн. 2 багийн дасгалжуулагчид өмнөх тоглолтонд бүтэн тоглосон тоглогчдоо амраан, сэлгээнээс гарч хангалттай тоглолт үзүүлсэн зарим тоглогчдыг гаргасан. Тоглолтын эхний үе Байернчүүдийн ерөнхий давамгайлал дор болж, М.Гомеш болон Б.Швайнштейгер нарын довтлогоо гоол болоход ойрхон байсан бол 2-р үед МанЮ илүү тоглолтыг гарган У.Руни, М.Оуэн нар гайхалтай боломжуудыг алдснаар тоглолт өмнөх тоглолтын адил торгуулийн цохилтоор шийдвэрлэгдэх болсон. Ингээд торгуулийн цохилтыг цохиход Эвра, Праньич нар 2-уул дараалан алдаж, улмаар залуу хаалгач М.Ренсинг МанЮ-ын хамгаалагч Ж.Эвансийн цохилтыг хааснаар Л.Ван Гаалийн удирдсан Байерн анхныхаа цомыг өргөсөн юм.

Байерн Мюнхен - Mанчестер Юнайтед 0-0 (7-6 т.ц)
Байерн Мюнхен Ренсинг – Лам (Горлиц 62), Демичелис (Ван Буйтен 62), Брено (Бадстюбер 62), Браафхейд – Тимощук (Оттль 77), Ван Боммель (Алтинтоп 46), Баумиоанн, Швайнштейгер (Праньич 62) – Мюллер (Сене 77), Гомеш (Соса 62)

Mанчестер Юнайтед Ван дер Сар – Гибсон (Валенси 63), Эванс, Фердинанд (Кэткарт 69), Эвра - Нани, Флечер, Скоулз, Гиггз – Бербатов (Андерсон 78), Оуэн (Рууни 78)

Гоолууд: Торгуулийн цохилт: 0-1 Гиггз, 1-1 Баумиоанн, 1-2 Андерсон, 2-2 Браафхейд, 2-3 Нани, 3-3 Алтинтоп, Эвра /алдсан/, Праньич /алдсан/, 3-4 Рууни, 4-4 Соса, 4-5 Флечер, 5-5 Оттль, 5-6 Скоулз, 6-6 Бадстюбер, Эванс missed, 7-6 Ван Буйтен
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
СЭТГЭГДЭЛ
Энэ өдрийг би хэзээ ч мартахгүй биз ээ...Олон жил хөлбөмбөгөө үнэнчээр сонирхож, ухаан орсон цагаасаа Байерн ФС-ийг унаж тусаж, ухарч уруудаж, мандан дэвжиж, дэвшин шуугиулж байх ямар ч үед нь хаялгүй дэмжин, тэдэнтэй сэтгэл зүрхээрээ цугтаа байж, тэдэнтэй хамт харамсч, тоглож, уйлж, ухаарч, баярлан,хөөрч явсны хэрэг тэр өдөр гарсан болохоор би тэгж бичсэн юм...Тэр өдөр жинхэнэ Мөрөөдлийн тоглолтууд Аллианз Аренад болсон юм...
... Аллианз Аренагийн хувьд 69000 хүний суудалтай 2005 онд ашиглалтанд орсон, Байерн Мюнхен болон Мюнхен 1860 багууд хамтран эзэмшдэг..Мюнхенд төвтэй дэлхийн санхүүгийн хамгийн том үйлчилгээний байгууллагуудын нэг Аллианз корпораци энэ стадионыг өөрийн нэрээр өмчлөх эрхийг 30 жилээр худалдан авсан ажээ...Энгийн үедээ буюу өдрийн цагаар цагаан өнгөтэй...Харин шөнө болохоор 3 өнгөнд хувирдаг,Байерны тоглолт явагдах үеэр улаан, Мюнхен 1860-ын тоглолтын үеэр хөх, цэнхэр,харин шигшээ баг тоглолт хийх үеэр цагаан-шаргал өнгөтэй болдог... Сонирхуулж хэлэхэд Аллианз Аренагийн паркинг буюу машины зогсоол нь Европдоо хамгийн томд тооцогддог гэж байгаа, 4 хэсэг 10000 машины зогсоолтой... Мөн цэнгэлдэх дотор зарагдаж байгаа бүх юмс зөвхөн АренаКард-аар тооцоо нь хийгддэг...Ийм кард аваад түүндээ мөнгө хийж цэнэглээд, ундаа ус, пиво, хоол нтр гээд бүх юмаа авдаг системтэй нь нэлээн таалагдсан... ...Талбайн эзэд яагаад давуу тоглодгийн учрыг бараг тэнд ойлгосон, тасралтгүй багийнхаа дууг дуулж, хөгжөөн дэмжих нь гайхалтай. Тоглогчдынхоо нэрсийг үзэгчид нь нэгэн дуугаар зарлаад л бас сүртэй юм...1-р үед эхэлсэн стадионы давалгаа шүүгчийн шүгэлийн дуугаар л нэг юм зогсож, 2 талаас БАЙЕРН гэж орилох үзэгчдийн дуу, бөмбөг оруулах, амжилттай довтлогоо, хамгаалалт хийхэд баяр хүргэх гээд энд бүх юм онцгой байлаа...
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
- Дүгнэлт
Дүгнэлт 1: Хаагдахад сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа наймааны зах зээл дээр идэвхтэй ажиллахгүй бол Миланы хувьд энэ улирал түн хүнд өнгөрөх шинжтэй байна. Хэдийгээр И.Абате, М.Сторари нарын залуус нь эрийн цээнд хүрч гараанд гаран тоглож байгаа ч энэ нь Серие А-д хангалтгүй нь тодорхой. Гэссэн ч С.Берлускони клубээ хамгийн шилдэг нь хэмээн зүтгэсээр л. К.Анчелоттигийн халааг авсан залуухан дасгалжуулагч Леонардо харин үүний эсрэг бодолтой байгаа ил тод илэрхийлж байгаа нь сайшаалтай ажилгүй жаахан алдаа гаргавал ажилгүй болчих эрсдэлтэй тулгарч байна. Саяхан Реал Мадридаас голландын К.Хунтелаарыг авсан нь тэдний хүчийг эрс нэмэх нь тодорхой бөгөөд А.Патогийн хамт аюултай довтлогооны хослолыг бүрдүүлэх биз. Холбоодын цомын тэмцээний үеэр гялалзсан Т.Сильваг авснаар дундын шугам мэдэгдэхүйц хүчирхэгжсэн ч Какагийн үлдээгээд явсан тэр орон зайг ойрын үедээ хэн ч өглөж чадахгүй байх. М.Фламиниг ашиглан, А.Пирлог байнгын формтой байлгаснаар, хамгийн гол нь тоглогчид нь гэмтэл авахгүй бол амжилтанд хүрэх илүү боломжтой болох учиртай. Түүнийг явснаар өөр нэг Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Роналдиньогийн үүргийг нэмэгдүүлэх бодолтой тухайгаа Леонардо зарласан. Юутай ч амьд домог Мальдинигүй, хөлбөмбөгийн шидтэн Какагүй, тактикийн мастер Анчелоттигүй Миланыг энэ жил хэрхэн тоглохыг чухамхүү дээрх тоглогчдын форм болон дасгалжулагчийн мэргэн ухаан харуулах биз.
Дүгнэлт 2: К.Роналдугийн дараах МанЮ хэр тоглох бол гэсэн бодол хэн бүхний сонирхлыг татаж байлаа. Энэ тэмцээнд үзүүлсэн тоглолт тэдэнд зарим хариултыг өгсөн биз. А.Валенсигийн форм яг одоогоор маш сайн байна, тэр хэдийгээр CR7 шиг гоол хийхгүй байж болох ч түүний өгдөг дамжуулалтыг, түүний үзүүлэг уран тоглолтыг үзүүлж чадах мэт санагдаж байна. Дээрээс нь алтан жаал М.Оуэн тэдэнд ирсэн, хүн бүхэн түүнийг сайн тоглоно хэмээн дэмжиж, өөрөө ч дараагийн ДАШТ-д орохыг маш их хүсч байгаа нь тодорхой тул У.Руни, Д.Бербатов нартай цуг аюултай довтлогооны шугамыг бүрдүүлэх биз. Залуу хамгаалагч Кэткарт анхны том тоглолт гэхэд чамлахааргүй тоглолт үзүүллээ, Ж.Эванс, Ж.Оши нар шиг МанЮ-ын академийн бүтээгдэхүүн түүнээс их ирээдүй ханхалж байна. Дээрээ нь О.Харгривз эргэж ирнэ, Андерсон Нанид өөрийгөө харуулах боломж гарч ирсэн гээд тэднийг битгий тооцооноосоо хасаарай, улаан чөтгөрүүд хэзээд шилдгээрээ л байдаг.
Дүгнэлт 3: Байерн Европын дэвжээнд эргэн ирэхэд ойртжээ. Аяксийн залуусын дасгалжуулагч, Барсагийн өнөөгийн стилийн эхлэлийг тавилцсан, АЗ хэмээх хэний ч мэдэхгүй багийг Голланд төдийгүй Европын тавцанд таниулсан Л.Ван Гааль тэднийг дасгалжуулж байна. Дээрээс нь Европын хамгийн шилдэг хагас хамгаалагчдын нэг А.Тимощук, гоолич хэмээх Олич, германы хамгийн шилдэг довтлогч гэж хэлж болохуйц М.Гомеш гээд 7 шинэ хүнээр тэд хүчээ сэлбэсэн. Үүн дээр нэмээд залуусыг нь дурьдахгүй бол алдас болох биз. Германы шигшээгийн ирээдүйнүүдийн нэг Баумжо, Т.Мюллер, Х.Бадстюбер нарт боломж олговол тэд алдахыг хүсэхгүй нь лавтай. Гэсэн ч Лусиогийн үлдээсэн орон зайг хэн нөхөх нь тодорхойгүй л байна, одоог хүртэл яагаад явуулсныг нь хэн ч ойлгохгүй хэвээр л...


А.Ундрал /"ХӨЛБӨМБӨГ" сонинд...2009-08-12/

11 comments:

  1. Ene uneheer goy toglolt bolson shuu chi bas uzsiimuu anhnii live toglolt bolohoor ter bailgyu de gertee hanan deer ee ter audigiin tsohidog yumiig ni naatsan
    Niitleleee saihan bichjee za tegeed bicheed bjde

    ReplyDelete
  2. @Anonymous хэхэ, өөрөө бас үзсэн юм уу тэ, хэн бэ, нэрээ бичихгүй байсан юм уу хэхэ...би харин тэр юмыг нь гэртээ харьж байгаал яахаа шийднэдээ гэцэн байгаа...

    ReplyDelete
  3. Tsegtstei, goy bichjee. Manai setguulchid ergen toirond bolj bgaag ingej tsegtstei medeellej, todorhoi degnelt hiij bichdeg boloosoi.

    ReplyDelete
  4. Niitlel tasarhai boljee. Gehdee Bayern ii shine huvtsas taalagdsanguee haha, neeree yaaj ch bodson City ehnii 4t orkum bnoo tee :D

    ReplyDelete
  5. Үүнийгээ нөгөө сониндоо явуулсан уу? гоё нийтлэл болж, хөл бөмбөг мэдэхгүй надад хүртэл таалагдав.

    ReplyDelete
  6. Манай Миланы Сильваг буруу биччиж дээ,,,
    Танайх сайн байсөөөн, үнэхээр сайн байсан,,, Залуучууд бол аймар байсан,,, Тэр Патогийн банана цохилт уу??? цу цу цу,,, тээл дараалаад 2 гоол алдсысшд хмммм

    ReplyDelete
  7. @Jagi хаха, хэн таныг хөлбөмбөг мэддэггүй гэдэг юм бэ???
    @Зоогий Пато ч сайхан алсаан, дараа нь тэхдээ эерэгээр алсан шд хэхэ...юуг нь буруу бичсэн байна хө, хэлээрэй, засчихья...\
    @Eedee яасан, яагаад тэгж бодогдов...би бол боломжтой л гэж бодоод байгаашд хэхэ...танай пүүлтэй л үзэх байхдаа хаха...
    @Anonymous манайд дөнгөж хөгжиж байгаа салбаруудын нэг гэж боддышд, удахгүй бүр лаг чанартай юмнууд гарах байхаа гэж найдаж сууна..

    ReplyDelete
  8. Өөө заа зүэр ситиг маань хараа @ээдээ гуай тоглолтоо харж байгаад ярий шүү , Удахгүй бүгд тодорхой болох биз ,
    Гоё нийтлэл болжээ

    ReplyDelete
  9. Мэргэжлээ өөрчилдөг юм билүү????

    ReplyDelete
  10. @Yaruu хэхэ, ситиг ер нь Топ4-т орж ирэх гэж хүчтэй эсэргүүцэл үзүүлнэ гэдэгт итгэж байгаа хө, сайн тоглож байналээ...
    @Бүрэнтэгш хөлбөмбөгчин болох гэж байгаамуу тэээ :-o

    ReplyDelete
  11. Блогоо гоё хөтөлж байгаа юм байна. http://sportnews.mn/forum/viewtopic.php?f=57&t=3501&start=125 Бидэнтэй нэгдээрэй бид сэдэвээ сайн авч явж байгаа шүү

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.